Улаанбаатар хотын 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төсөл болон түүнийг дагалдуулан оруулж ирсэн бусад асуудлыг нийслэлийн ИТХ-ын маргаашийн ээлжит XVII хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Уг хуралдаанаар төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийнэ. Төсвийг тодотгох болсон гол шалтгаан нь Улаанбаатарт метро барих хөрөнгийг нэмж тусгахтай холбоотой юм. Тухайлбал, өмнө нь нийслэлийн төсвөөс зөвхөн метроны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах хөрөнгийг гаргаж, барих зардлыг Засгийн газраас шийднэ хэмээж байв. Харин Засгийн газрын шийдвэрийн дагуу метро барих хөрөнгийг ч нийслэлийн төсвөөс гаргахаар болжээ. Үүний дагуу метроны бүтээн байгуулалтад 333, зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөг зарцуулахаар тодотголын төсөлд тусгаад буй гэнэ. Төсвийн тодотголыг хоёр үе шаттайгаар батлах бөгөөд дараагийн хэлэлцүүлгийн товыг маргаашийн хуралдааны дараа гаргах нь.
Бэлтгэсэн М.Оч