МХБ-д бүртгэлтэй компаниуд 2023 оны жилийн эцсийн тайлангаа гаргаж, ногдол ашиг хуваарилах мэдээллээ олон нийтэд цацаж эхэллээ. Энэхүү тайлангаас харахад эрчим хүчний хэрэглээний өсөлтийг дагаад чулуун болон хүрэн нүүрс олборлогч дотоодын компаниудын нийлүүлэлт нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Тодруулбал, “Шарын гол” ХК-ийн борлуулалтын орлого өнгөрсөн онд 25.6 хувиар өсөж, 100.8 тэрбум төгрөгт хүрчээ. Ингэснээр цэвэр ашиг нь 166 хувиар өсөж, дөрвөн тэрбум төгрөг болсныг Монголын Хөрөнгийн биржид өгдөг тайландаа дурджээ. Тайлант хугацаанд тус компани 1.7 сая тонн нүүрс борлуулж, үүнээс 97 гаруй мянган тонныг БНХАУ-д экспортолсон. Мөн Дархан, Сэлэнгэ зэрэг дотоодын жижиглэнгийн борлуулалт нь 45 мянган тонноос 68 мянган тонн болж өсжээ.
Харин “Багануур” ХК-ийн борлуулалтын орлого 2023 онд өмнөх оноос 30 орчим хувиар өсөж, 213.1 тэрбум төгрөгт хүрлээ. Тайлант хугацаанд “Багануур” компани 4.6 сая тонн нүүрс борлуулжээ.