МҮХАҮТ-аас “Бизнесийн сэргэлт” хөтөлбөр боловсруулжээ. Үүний эхлэл болгож 10 000 залууг бизнесийн сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж буйгаа өчигдөр зарлалаа. Өмнө нь ажилгүйдлийн талаар ярихдаа мэргэжил, ур чадварын хомсдолыг хөнддөг байсан. Харин өдгөө ажиллах хүчний тооны хомсдолд орж байгаа нь аж ахуйн нэгжүүдэд мэдрэгдэх болжээ. Энэ нь нэг талаараа төрөөс хэрэгжүүлж байгаа халамжийн хавтгайрсан бодлоготой холбоотойг олон улсын байгууллагуудын судалгаа харуулж буй гэнэ. “Лоринет” сангийн судалгаагаар 15-29 насны залуусын 52 хувь нь ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй, зорилгогүй, ирээдүйдээ итгэлгүй байгаа дүн гарчээ. Тодруулбал, залуус аав, ээж, эмээ, өвөөгийнхөө тэтгэвэр, төрөөс өгч буй халамж, тэтгэмжид найдаж амьдарч байгааг эл судалгаагаар ил болгосон аж. Иймээс МҮХАҮТ-аас залууст бизнес эрхлэх урам өгөх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломж, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах олон улсын туршлагыг багтаасан, гурван үе шаттай хөтөлбөр боловсруулсан байна.
Олон улсын бизнесийн магистрын(MBA program) хөтөлбөрийн нэг жилийн сургалт дунджаар 30 сая төгрөг байдаг. Тэгвэл үүнтэй дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох сургалтын P-MBA (Personal MBA) хөтөлбөрөөр эхний ээлжид 10 000 залууг сургах ба таван мянгыг нь Улаанбаатар, үлдсэнийг нь орон нутгаас (таван бүсээс) сонгон суралцуулах аж. Амжилттай суралцсан 1000-ыг нь БНЭУ, Малайз, Филиппин, Сингапурт бизнесийн аялал, дадлагын сургалтад хамруулах бол тэднээс 100 суралцагчийг сонгон шалгаруулж, гарааны бизнес эрхлэх санхүүгийн боломж олгох гэнэ. Одоогоор БНЭУ-ын Засгийн газрын ITEC хөтөлбөрийн хүрээнд15-29 насныханд зориулсан тусгай хөтөлбөрийг тус улсын ЭСЯ-тай хамтран боловсруулж, 50 хүнийг суралцуулахаар тохирчээ. Сургалтын бүртгэлийг ирэх долоо хоногт Улаанбаатарт эхлүүлэх бөгөөд дүүргүүдэд бүртгэлийн цэг ажиллах нь.
Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн 500 тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг БНХАУ- ын талтай хамтран удахгүй зохион байгуулах юмбайна. МҮХАҮТ-ын Судалгааны институтээс Монголын 100 жижиг бизнесийн салбарын зах зээлийн судалгааг хийж танилцуулснаар аль чиглэлд дээрх үйлдвэрлэл эрхлэх боломжтой, тоног төхөөрөмж нь ямар ханштай зэрэг мэдээллийг нэгтгэн харж, дээрх үзэсгэлэнд дэлгэсэн тоног төхөөрөмжийг худалдан авах, Хятадын банкны зээл тусламжид хамрагдах боломж бүрдүүлэхээр ярилцаж буй гэнэ.
Бэлтгэсэн Ц.Ундрал