Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллах үеэрээ тус улсын Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй шатахуун хангамжийг тогтвортой байлгах талаар байгуулах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэв.
Тус хэлэлцээр байгуулагдсанаар ОХУ-аас манай улсад нийлүүлж буй шатахууны экспортод тус улсаас ямар нэгэн хориг тавигдахгүй байх чухал ач холбогдолтой. Талууд хэлэлцээрийн төсөл дээр харилцан санал солилцон ажиллаж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаар ахлуулсан Ажлын хэсэг 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Москва хотноо Роснефть компанийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр манай талаас 2024 онд худалдан авах бүтээгдэхүүний хэмжээг захиалгын дагуу нийлүүлэх, ачилтыг тогтвортой байлгах зэрэг асуудлыг хэлэлцэж, Роснефть компанийн зүгээс бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: УУХҮЯ