АПУ ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор 2023 оны сүүлийн хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 44 төгрөгөөр тооцон ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ. Үүнийг ирэх арванхоёрдугаар сарын 31-ний дотор хуваарилахаа мэдэгдсэнийг “Монголын хөрөнгийн бирж”-ээс мэдээлсэн юм. Мөн “Тээвэр дархан” ХК-ийн ТУЗ нэгж үнэт цаасанд 300 төгрөгөөр тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн бөгөөд ҮЦТХТ ХХК-иар дамжуулан дээрхтэй ижил хугацаанд хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болжээ.
Түүнчлэн “Гермес центр” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор өнгөрсөн оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 9.2 төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн аж. Үүнийг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг ирэх сарын 7-ноор тасалбар болгох гэнэ. Ногдол ашгийг гуравдугаар сарын 15-наас компанийнхаа байранд бэлэн мөнгөөр болон ҮЦТХТ ХХК-тай гэрээ байгуулан дөрөвдүгээр сарын 15-ны дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон байна.
Бас “Баянгол зочид буудал” ХК 2023 оны цэвэр ашгаасаа нэгж үнэт цаасанд 300 төгрөгийн ногдол ашиг олгох бөгөөд ҮЦТХТ- өөр дамжуулан ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд байршуулах нь. Тэгвэл “Ард даатгал” ХК цэвэр ашгийнхаа 33.8 хувь буюу 750 сая төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэжээ. Энэ нь нэгж хувьцаанд 30 төгрөгийн ашиг хуваарилна гэсэн үг бөгөөд ҮЦТХТ ХХК-иар дамжуулан наймдугаар сарын 28-нд олгох юм байна.
Эдгээрээс гадна “Инновэйшн инвестмент” цэвэр ашгийнхаа 70.2 хувь буюу дөрвөн тэрбумыг (нэгж хувьцаанд 21.63 төгрөг) ийм ашигт зориулан тараах гэнэ. Үүнийг зургаадугаар сарын 28-ны дотор ҮЦТХТ-өөр дамжуулан олгох аж. Түүнчлэн “Хүрд” нэгж хувьцаанд 2250 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ оны хоёрдугаар улиралд багтаан ҮЦТХТ ХХК-иар дамжуулан тараана гэдгээ мэдэгдэв. Мөн “Сэндли” 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийнхаа 20.67 хувь буюу 1.25 тэрбум төгрөгийг (нэгж үнэт цаасанд 5.6) ийм ашиг болгон олгох агаад тавдугаар сарын 21-нд ҮЦТХТ-өөр дамжуулан тараах нь.
Бэлтгэсэн Б.Сонор