Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өчигдөр боллоо. Уг хурлаар нийслэлийн энэ оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байв. Гэтэл уг асуудал хуралдаан эхэлсэн цагаас маргаан дагуулав. Тодруулбал, төлөөлөгч Д.Гантулга “Төсвийг баталснаас хойш хоёр сар орчмын дараа өөрчлөх талаар ярьж байна. Ингэхдээ тодотголын хоёр төслийг бидэнд тараалаа. Хоёр дахийг нь өнөөдөр (өчигдөр) хүлээн авсан. Нэгдүгээрт, бид алийг нь хэлэлцэх юм бэ. Хоёрдугаарт, нийслэлд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхтэй холбоотойгоор 1.4 тэрбум төгрөгийн зардал гарах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ гэж байна. Гэтэл Засгийн газар үүнийг шийдвэрлээгүй байхад нийслэлийн ИТХ түрүүлж шийдвэр гаргах юм уу. Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүн нийслэлийн Засаг дарга болчхоод хуулийг ингэж зөрчиж болдог юм уу” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг тодотголын хоёр төсөл тараасан шалтгааныг “Техникийн алдаа. Ганцхан төсөл бий. Төслийг хоёр хувилбараар боловсруулсан юм. Ажлын албад хэвлэж өгөхдөө сольсон байна” хэмээх тайлбар өгсөн. Түүнчлэн нийслэлийн бүтцийн өөрчлөлтийг энэ долоо хоногийн лхагва гарагт буюу маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Тиймээс төсөв тодотгох хугацаатай таарч тохирно гэв.
Харин төлөөлөгч П.Наранбаяр “Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт нэг төсөл тараасан. Гэтэл өнөөдөр (өчигдөр) өгсөн нь өмнөхөөс тэс өөр байна. 100 орчим тэрбум төгрөгийн зөрүү гарчээ. Тиймээс шинэ төсөл тараасан гэж үзэхээс өөр аргагүй. Ингэж барим тавим худал ярихаа болиоч ээ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуулийн 47.2-т “Энэ хуулийн 47.1-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан. Өнөөдөр бидэнд өгсөн төслийг хэлэлцэх юм бол бид дээрх заалтыг зөрчих нь ээ” гээд тодотголыг хэлэлцэх хугацааг хойшлуулах санал гаргасан юм.
Ингээд төлөөлөгчдийн олонхын саналаар тодотголын төслийг хуульд нийцүүлэн боловсруулж, эцэслэсний дараа ИТХ-аар хэлэлцүүлэхээр тогтлоо. Мөн дээрх асуудлаар хотын дарга албан ёсоор тайлбар өгөх нь зүйтэй гэж нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлэв.
Бэлтгэсэн М.Оч