Mөнгөний нийлүүлэлт (M2) өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.8 (26.1 хувь) их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд төгрөгийн харилцах 2.0 (33.5 хувь) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 4.3 (33.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны нэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 20.7 (1.8 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 133.6 (12.9 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.
Гадаад цэвэр актив өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 9.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 28.9 (0.3 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 5.5 (2.6 дахин) их наяд төгрөгөөр өссөн байна. Дотоод цэвэр актив 28.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 171.0 (0.6 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.2 (8.5 хувь) их наяд төгрөгөөр өсжээ.
Харин төгрөгийн хадгаламж 17.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 14.7 (0.1 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 4.3 (33.9 хувь) их наяд төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламжийн 14.5 (84.8 хувь) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 2.6 (15.2 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 66.0 (1.3 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 539.6 (9.9 хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурсан мэдээллийг ҮСХ-ноос өглөө.