-Топ-20 индекс 45 000 нэгжид хүрэв-
“Монголын хөрөнгийн бирж” (МХБ)-д бүртгэлтэй ХК-иуд ногдол ашиг тараахаар шийдвэрлэснээ мэдээлж буй билээ. Тэгвэл МХБ-ийн ТУЗ-ийн тогтоолоор өнгөрсөн оны жилийн эцсийн аудитын өмнөх санхүүгийн тайлангийн татварын дараах цэвэр ашиг болох 8 699 165 845 төгрөгөөс 4 349 252 518, нэгж хувьцаанд 12.41 төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэснээ мэдээлэв. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын (ХЭЭХ) бүртгэлийн өдрөөр тогтоон, ирэх тавдугаар сарын 30-наас эхлэн ҮЦТХТ ХХК-иар дамжуулан олгох нь.
Сонирхуулахад, МХБ-ийн Топ-20 индекс өнгөрсөн баасан гарагт огцом буюу 3.77 хувиар дээшилснээр 45 024 нэгжид хүрсэн юм. Эргэн сануулахад, эл индекс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд 40 000 нэгж давсан бол нөгөөдөр нь 41 437 нэгжид хүрч байв. Мөн энэ сарын 13- нд 43 000 нэгж давсан бол ийнхүү 45 000- д хүрлээ. “Тавантолгой”, “Голомт банк” зэрэг ХК-ийн хувьцааны ханш дээшилсэн нь үүнд нөлөөлжээ.
Үүнээс гадна “Хаан банк” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор 2023 оны жилийн эцсийн цэвэр ашиг болох 558 782 869 011 төгрөгийн 48.5 хувь буюу 271 015 822 540-ийг нь хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь нэгж хувьцаанд 141.73 төгрөгөөр тооцож ашиг хуваарилна гэсэн үг. Үүнийг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны ХЭЭХ-ын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг эрх бүхий зохицуулагч байгууллагын зохих зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын тав хоногийн дотор ҮЦТХТ ХХК-иар дамжуулан олгох аж.
Бас “Голомт банк” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор 2023 оны үйл ажиллагааны ашгаасаа нэгж хувьцаанд 90 төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ. Үүнийг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг ХЭЭХ-ын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон, ногдол ашгийг зохицуулагч байгууллагын зөвшөөрөл ирснээс хойш 60 хоногийн дотор ҮЦТХТ ХХК-иар дамжуулан тараах юм байна.
Түүнчлэн “Сүү” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор 2023 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас 2 024 479 726 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэжээ. Нэгж хувьцаанд 5.9 төгрөгөөр тооцож ийм ашиг хуваарилах гэнэ. Үүнийг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг тус компанийн 2024 оны ХЭЭХ-ын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг тавдугаар сарын 31-ний дотор ҮЦТХТ ХХК-иар дамжуулан олгох нь.
Үүнээс гадна “Улаанбаатар БҮК” ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд нэг, нийт 131 547 500 төгрөгийг ногдол ашиг болгон олгохоор болжээ. Үүнийг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг ХЭЭХ-ын бүртгэлийн өдрөөр тогтоон, зургаадугаар сарын 1-нээс эхлэн өөрийн байранд олгох гэнэ.
Ташрамд дурдахад, “Богд банк” ХК нь Банкны тухай хуулийн 36.3, 36.11, 36.12, Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйл, 76.1.7 дэх хэсэг болон холбогдох бусад хууль, дүрэм, журамд нийцүүлэн ТУЗ-ийн ээлжит бус хурлын тогтоолын дагуу өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авах шийдвэр гаргажээ. Нийт гаргасан хувьцааныхаа таван хувиас хэтрэхгүй буюу 62 500 000 ширхгийг, нэгжийг нь 85 төгрөгөөр тооцон 5 312 500 000-аар худалдан авч халааслахаа мэдэгдсэн юм.