Өнгөрсөн жилүүдэд олон улсын чанартай авто замын сүлжээ 14 921 км хүрчээ. Олон улсын АН-4 чиглэлийн 742 км замыг хатуу хучилттай авто замыг шинээр барьсан. Тодруулбал, Завхан аймгийн Загастайн давааны замыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын 21 аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, Мянганы замын төслийн их бүтээн байгуулалт дуусжээ.
Монгол Улсын Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийн хүрээнд аймгийн төвүүдийг хооронд нь, аймгийн төвийг хилийн боомттой, сумдыг хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох юм. Тухайлбал, Улиастай-Алтай чиглэлийн 198 км, Улаангом-Ховд чиглэлийн 173 км авто замын барилгын ажил 2024 онд эхэлнэ.
Одоогийн байдлаар манай улсын 330 сумын 107 нь нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон. 2024 онд 44 сумыг хатуу хучилттай авто замаар холбох юм. Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто замын засвар арчлалт, 8 гүүрэнд их засвар хийхээр төлөвлөсөн. Мөн Өвөрхангай, Баянхонгор чиглэлийн авто замд хэсэгчлэн засвар хийнэ. Мөрөн, Дорнод аймгийн 50 км замд их засвар хийх аж.