“Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн” гэх асуудлаар нэр бүхий иргэд Цэцэд хандсан талаар бид өмнө нь мэдээлж байв. Гэхдээ Цэц УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудал гэсэн шалтгаанаар дээрх асуудлыг хэлэлцээгүй талаар иргэн Б.Пүрэв өчигдөр мэдээлсэн юм. Тиймээс нийтийн өргөдлийн petition.parliament.mn цахим хуудсанд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар иргэд 18 телевизэд хураамж төлж буй зохицуулалтыг хүчингүй болгох өргөдөл гаргасан байна.
УИХ-аас 2019 онд баталж, дараа жилээс нь хэрэгжүүлж эхэлсэн дээрх хуулийн зарим заалтын дагуу иргэд IPTV үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан Монголын телевизүүдийн холбооны гишүүн 18 телевизэд сар бүр 2500 төгрөгийн хураамж төлдөг. Б.Пүрэв “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газарт иргэд гомдол гаргадаг ч авч хэлэлцдэггүй. Цахим хөгжил, харилцаа холбооны яамныхан дээрх хуулийг өөрчлөх төсөл өргөн барих сураг дуулдсан. Гэсэн ч чимээгүй болсон тул нийтийн өргөдлийг санаачилж байна” хэмээлээ.
Өчигдөр 16.00 цагийн байдлаар 1000 гаруй иргэн дээрх өргөдлийг дэмжиж гарын үсэг зураад байв. Дэмжсэн иргэний тоо 100 000-д хүрвэл хуулийн төсөл санаачлах боломж бүрдэх юм.
Бэлтгэсэн М.Оч