Хотын ногоон бүс дэх зэрлэг амьтдыг идэш тэжээл, нүүдэл, шилжилт хөдөлгөөн чөлөөтэй хийх боломжоор хангах ажлуудыг тогтмол хийж байгааг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. Хөр цас ихтэй, амьтад зорчих, хоолоо олж идэх боломжгүй дөрвөн байршлын найман цэгт байгаль хамгаалагчид өвс, тэжээл, хужир мараа байнга тавьж, биотехникийн арга хэмжээ авч буй аж. Суурьшил, хэт төвлөрлөөс үүдэлтэй, зэрлэг амьтдын амьдрах орчны хуваагдлыг бууруулах зорилгоор хоёр байршил дахь экологийн гарц бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар холбогдох тооцоо, судалгаа хийж байгаа гэнэ. Түүнчлэн хотын ногоон бүс дэх хашаа, хайсны стандартыг мөрдүүлэх, амьтдад ээлтэй болгох, орц, гарцуудыг нээх чиглэлээр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран энэ онд томоохон ажлууд хийхээр төлөвлөснөө дээрх газраас танилцуулав.