Манай орны нутаг дэвсгэрт өнгөрсөн онд 48 740 удаа газар хөдөлжээ. Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр тэдгээрийн ихэнх нь хүнд мэдрэгдэхээргүй буюу 3.5 магнитудаас бага хүчтэй байж. Харин 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 42 удаа бүртгэгджээ. Хөвсгөлд хоёр, Дорнод аймагт нэг удаа 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь өнгөрсөн жилийн дээд үзүүлэлт болсон аж. Улаанбаатар хотын тухайд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байж. Түүнээс хойш эл үзүүлэлт тогтмол нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн онд нийслэл орчимд газар 1080 удаа хөдөлжээ. Үүнээс долоо нь гурваас дээш магнитудын хүчтэй байсан гэнэ. Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт гурван удаа бүртгэгдсэн байна.
Бэлтгэсэн Ч.Зул