Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 145 дугаар тогтоолоор “Компанийн засаглалын кодекс”-ыг шинэчлэн баталсан. Ингэснээр нээлттэй хувьцаат компаниудаас гадна даатгагч, итгэлцлэлийн үйлчилгээ эрхлэгч банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд дагаж мөрдөх үүргийг хүлээсэн.
Зохицуулалттай нийт гурван салбарын 2022 оны үнэлгээний нэгдсэн тайлангаар кодексийн хэрэгжилт 71.7 хувийн гүйцэтгэлтэй байсан юм. Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос компани тус бүрт зөвлөмж, чиглэл, хугацаатай үүрэг өгч мөн биелэлтийг нь өнгөрсөн 12 дугаар сард давтан үнэлсэн. Уг үнэлгээгээр кодексийн хэрэгжилт салбаруудад дунджаар 13.2 хувиар өссөн дүнтэй байна.
Мөн кодексийн хэрэгжилтийн үнэлгээ, нэгдсэн судалгааг тогтмол хийснээр үнэлгээний дүнг компанийн засаглалын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, зохицуулалтын орчныг боловсронгуй болгоход ашигладаг аж.