Дэлхийн банкнаас усны салбарт инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж буй залуусыг дэмжиж, байгалийн нөөцийн үр ашиглалтай зарцуулалтыг бий болгох үүднээс шилдэг санаачилга бүхий бизнесийг шалгаруулах уралдаан зарлажээ. “Цаг уурын шинэ, бодит нөхцөл байдал дахь усны шийдэл” сэдэвт уралдаанд 18-35 насныхан оролцох боломжтой бөгөөд илүүдэл болон бохирдсон ус, хомсдол, менежмент гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд тулгамдсан сорилт бэрхшээлүүдийг шийдэх бизнес санаа, төслүүдээ танилцуулж, дэмжлэг авахын төлөө өрсөлдөх нь.
Үүнд оролцох хүсэлтийг энэ сарын 23 хүртэл хүлээж авах юм байна. Залуус хөрөнгө оруулагчдад бизнесийн төслөө танилцуулж, дэмжлэг авснаар бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх, энтрепенер ур чадвараа хөгжүүлэх, усны экспертүүдээс мэргэжлийн түвшинд зөвлөгөө авах, хагас жилийн хугацаатай хурдасгуур хөтөлбөрт хамрагдах боломжийн эзэн болох аж.
Бэлтгэсэн Н.Мишээл