Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК нь алтны “Баянхөндий” төслийн бүтээн байгуулалтад зориулж “Монголиан майнинг корпорэйшн”-тэй 80 сая ам.доллар хүртэл зээлийн санхүүжилтийн гэрээ байгуулжээ. “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ээс “2025 оноос алт олборлохоор төлөвлөж буй Баянхөндий нь дэлхийн хэмжээнд хөгжүүлж байгаа хамгийн өндөр агуулгатай, ил аргаар олборлох боломжтой уурхайн нэг юм. Олборлолтыг нь эхлүүлснээр Монголын хамгийн том алтны үйлдвэрлэгч болно. Эл санхүүжилт нь “Монголиан майнинг корпорэйшн”-тэй түншлэлээ бэхжүүлж, Монголын баруун өмнөд хэсэгт уул уурхайн томоохон шинэ бүс бий болгоход ач холбогдолтой. Тус компанийн уул уурхай, барилга угсралт, эрчим хүч, тээвэр ложистик, дотоодын болон олон улсын харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн туршлага нь уг төслийг хөгжүүлэх суурь болох юм” гэж мэдэгджээ.