“Монложистикс холдинг” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийнхаа 35 хувь буюу гурван тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь нэгж хувьцаанд 7.58 төгрөгийн ийм ашиг тараана гэсэн үг. Үүнийг ирэх зургаадугаар сарын 28-ны дотор ҮЦТХТ ХХК-иар дамжуулан олгох гэнэ.
Түүнчлэн “Хас банк” 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилсныг “Монголын хөрөнгийн бирж” мэдээлэв. Тодруулбал, хувьцаа эзэмшигчдийнх нь хурлын тогтоолоор нэгж үнэт цаасанд 14.75, нийт 15.52 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэжээ. Улмаар ҮЦТХТ дэх хувьцаа эзэмшигчдийн нэрийн дансанд байршуулсан аж. Мөн эчнээ санал хураалтаар ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийг тодорхойлох бүртгэлийн өдрийг энэ оны нэгдүгээр сарын 2-ноор тогтоосон аж. Хувьцаа эзэмшигчид өөрсдийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компанид хандаж, энэ талаарх мэдээллийг авах боломжтой гэв.
Бас“Айтүүлс” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийнхаа 43 хувь буюу 103 356 372 төгрөгийг ногдол ашиг болгон олгохоор болжээ. Энэ нь нэгж хувьцаанд гурван төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилна гэсэн үг бөгөөд ирэх тавдугаар сарын 31-ний дотор ҮЦТХТ ХХК-иар дамжуулж олгохоо мэдэгдсэн байна.
Үүнээс гадна “Богд банк” 2023 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгийнхаа 25 хувь буюу 3.52 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараах нь. Ингэхдээ нэг төрлийн хувьцаанд ногдох ногдол ашгийн дүнг адил хэмжээнд байхаар хуваарилах гэнэ. Үүнийг авах эрхтэй үнэт цаас эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг эрх бүхий этгээдийн шийдвэр ирснээс хойш 60 хоногийн дотор ҮЦТХТ болон үнэт цаасны компаниудаар дамжуулан олгох юм байна.
Бэлтгэсэн Б.Сонор