Тун удахгүй нэмэлт хувьцаагаа олон нийтэд санал болгох гэж буй Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэнтэй ярилцлаа.
-2023 он Хөрөнгийн зах зээлийн хувьд нэлээн халуун жил байлаа. Банкууд болон төлбөрийн системийн компаниуд IPO буюу хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгосон. Энэ талаар нээлттэй хувьцаат компанийн захирлын үүднээс юу хэлмээр байна?
-2023 онд системийн банкууд IPO хийж, олон нийтэд нээлттэй болсон. Мөн төлбөрийн системд оролцогч компаниуд буюу qPay, Most зэрэг компаниуд оны өмнөхөн олон нийтэд нээлттэй компани боллоо. Санхүүгийн үйлчилгээ бидний өдөр тутмын амьдралд ойр байдаг, тэр дундаа алганд багтах хэмжээнд очсон тул харилцагч өөрийн өдөр тутмын хэрэглээндээ эзэн нь болох боломж бүрдсэн болов уу гэж харж байна. Нөгөө талаар Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоох эрхэм зорилготой байгууллагын хувьд ийм үйл явдлыг алга ташин хүлээж авч байгаа.
-Тэгвэл Ард Кредит 2024 оны салхийг хагалж нэмэлт хувьцаагаа олон нийтэд санал болгохоор боллоо. Энэ талаар товч мэдээлэл өгнө үү?
-Ард Кредит ББСБ ХК нь 2019 онд IPO буюу анх удаа олон нийтэд хувьцаагаа нээлттэй санал болгож 5.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Түүнээс хойш 5 дахь жилдээ дараалан жил бүр Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс, I ангилалд багтаж ирсэн. Мөн одоогоор хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй ББСБ болоод байна. Нэмэлт хувьцаа гаргана гэдэг нь компанийн түүхэнд хөгжлийн дараагийн шатанд гарсныг тодорхойлж буй явдал. Бид өнгөрсөн 5 жилд Монгол Улсын финтекийн хөгжилд чамгүй өндөр хувь нэмэр оруулсан. Бид финтек гэхээр зөвхөн онлайн зээл олгодог гэдэг ойлголтыг халж, финтек бол түүнээс илүү боломж гэдгийг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ харуулж ирсэн. Тэр ч үүднээсээ компани дараагийн шатанд гарах алхмаа хийж байна гэж ойлгож болно.
-Ард Кредитын Финтекийн хөгжилд оруулсан хувь нэмэр сонирхол татаж байна. Танай компани салбартаа ямар үнэ цэнэ бүтээсэн бол?
-Өмнө хэлсэнчлэн Финтек гэхээр зөвхөн онлайнаар зээл олгодог гэсэн ойлголт ард хоцорсон. Ард Кредит нь барьцаатай болон барьцаагүй зээлийн үйлчилгээ, төлбөр тооцоо (харилцах данс, хуваан төлөх үйлчилгээ), кредит карт, итгэлцэл зэрэг санхүүгийн үйлчилгээг салбартаа манлайлан зах зээлд нэвтрүүлсэн. Ард Аппыг 2018 онд нэвтрүүлсэн нь мөн л финтек аппликейшнуудын анхдагч болсон. Ард Аппаас төлбөр тооцоо, зээл, даатгал, хадгаламж, хөрөнгө оруулалт зэрэг санхүүгийн бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой бөгөөд Ард Апп өдгөө 1.2 сая харилцагчийн өдөр тутмын хэрэглээ болж чадсан. Ингэснээр бид санхүүгийн үйлчилгээг технологийн тусламжтайгаар Монгол орны өнцөг булан бүрт хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэн ажиллаж байна.
-Ард Кредит компанийн хувьд салбартаа олон ажил үйлсээрээ анхдагч байж ирсэн гэлээ. Тэгвэл ойрын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд, нэмэлт хувьцааны санхүүжилтийн дараах цаашдын зорилгын талаар асуумаар байна.
-Бид салбартаа анхлан ХХБ-тай хамтран кобрэнд кредит картыг гаргаж байсан бол 2022 онд Монголбанкнаас карт гаргагчийн зөвшөөрөл авч, ББСБ салбарын анхны бие даасан кредит картыг гаргалаа. Бид өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, өөрт байгаа давуу тал буюу биет болон биет бус салбараар (үүнийг бид physical + digital буюу phygital гэж нэрлэж байгаа юм) дамжуулан эргэлтийн хөрөнгийн дутагдалд ордог бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилготой ажиллаж байна. Ингэснээр иргэдийн гар дээр эцсийн хэрэглэгчийн үнийг багасгах, үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах тал дээр хувьсгал хийхийг зорьж байна. Энэ ажлын эхлэл, суурь болгож 2022 онд нийлүүлэлтийн гинжин хэлхээний төсөл болох СКОПА төсөлд хөрөнгө оруулалт хийлээ.
-Хөрөнгө оруулагчид яагаад танай компанийн хувьцаа эзэмшигч болох ёстой вэ. Юу тэднийг татах вэ. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ?
-Хөрөнгө оруулагчид аливаа компанид хөрөнгө оруулахдаа тухайн компанийн үйл ажиллагааны тогтвортой байдал, нийгэмд хэрхэн эерэг нөлөөлөл үзүүлж буйг илүүтэй хардаг болж. Хэрэв та илүү их үйл хэрэг бүтээлцэхэд гар бие оролцож, богино биш дунд, урт хугацааны туршид хөрөнгө оруулалтын өгөөжөө өндөр байлгахыг хүсвэл Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоох эрхэм зорилготой манай хамт олонтой нэгдээрэй.