Санхүүгийн салбарын 2023 оны жилийн эцсийн тойм мэдээлэл гарчээ. Нийт салбарын ДНБ-д эзлэх хувь өмнөх оноос 3.1 хувиар өсөж, 26.3 хувьд хүрсэн байна. Үүнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.8, ББСБ-ын салбарын нийт хөрөнгө 7.1 хувь голлон нөлөөлжээ. Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалт, хяналтын чиг үүргийнхээ хүрээнд 3766 зохицуулалттай этгээд, 2416 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавьжээ.
Салбараар нь ангилбал хөрөнгийн зах зээлд 603, даатгалын зах зээлд 337 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, банк бус санхүүгийн салбарт 529, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх 7, хадгаламж зээлийн хоршоо 191, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага 308, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 428 хувь хүн, 52 хуулийн этгээд, сэндбоксийн зохицуулалтын 6, тэдгээрийн 1293 салбар төлөөлөгчийн газар тус, тус үйл ажиллагаа явуулж байна.
Санхүүгийн салбараас хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 1.7 дахин өсөж 11 650.2 тэрбум төгрөгт хүрсэн ба хувьцааны хөрвөх чадвар 1.5 хувьд хүрчээ. Нийт 787.2 тэрбум төгрөгийн үнэт цаасыг зах зээлд арилжаалсан ба үүний 66.7 хувийг хувьцаа, 7.7 хувийг хөрөнгө оруулалтын сан, 17.5 хувийг компанийн бонд, 8.1 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас тус тус эзэлжээ. ТОП-20 индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.3 хувиар өсөж, долоон компани IPO хийж нийт 338.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Компанийн бондын хувьд мөн долоон компани 107.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлснээс анхны ногоон бонд 17 тэрбум төгрөгийг олон нийтээс амжилттай татсан байна. Харин биржийн бус зах зээлээс 829.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн бол уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 299 удаагийн 7541.4 тэрбум төгрөгийн арилжааг хийж 14.9 сая тонн нүүрсийг 7345.2 тэрбум төгрөгөөр, 677.4 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг 196.2 тэрбум төгрөгөөр тустус арилжаалжээ.
Даатгалын зах зээлийн хувьд нийт хөрөнгийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 15.8 хувиар өсөж 550.2 тэрбум төгрөгт, нөөц сан 24.0 хувиар өсөж 268.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ялангуяа ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оноос 30.4 хувиар өсөж 392.0 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж 41.6 хувиар өсөж 141.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Даатгалын үнэлгээ өмнөх улиралтай харьцуулахад 72.7 хувиар өсөж 252,735.4 тэрбум төгрөг болжээ. Нөхөн төлбөр олголт ч өмнөх оноос 28.3 хувиар өсөж 120.9 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 30.7 хувийг эзэлж байна.