СЭЗИС болон Монголын Бизнесийн зөвлөл хамтран “Монгол Улсын уул уурхайн салбар ба гадаадын шууд хөрөнгө оруулалт” хэлэлцүүлгийг төрийн байгууллага болон төрийн бус байгууллага, уул уурхайн компаниудын төлөөлөл, олон улсын байгууллага, судлаач, мэргэжлийн экспертүүд дунд зохион байгууллаа.
Монгол Улсын хүн ам 3.4 саяд хүрч, нэг хүнд ногдох ДНБ 8.5 сая төгрөг болж хүний хөгжлийн индекс 0.74 гарчээ. Ингэснээр дэлхийн 191 орноос 96 дугаарт жагсаж, хөгжлийн үзүүлэлтээр бүс нутгийн улсуудаас дооруурт эрэмбэлэгдэж байна. Тиймээс нийгэм, эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбар чухал нөлөөтэй.
Монголын бизнесийн зөвлөлийн УЗД Ц.Түмэнцогт “Уул уурхайн салбараас орох орлого нэмэгдээд байдаг. Гэтэл хөрөнгө оруулалтыг хэрхэн зарцуулах менежмент, засаглалын асуудал чухлаар яригдаж байна. Мөн эрчим хүч, газрын тос зэрэг мега төслүүдэд төрөөс оролцож байгаа нь хүндрэл учруулдаг. Ил тод байдал, засаглалын асуудлаас болоод гадаадын хөрөнгө оруулагчид үргэх шалтгаан болох талтай” гэв.
Тус салбар ДНБ-ий 24, нэгдсэн төсвийн орлогын 29, нийт экспортын орлогын 85 хувийг эзэлж байна. 2023 оны байдлаар манай улсад 1.87 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэний 1.43 тэрбум ам.доллар буюу 76.7 хувь нь уул уурхайн салбарт оржээ. 1990 оноос хойш нийт 39.7 тэрбум ам.долларын ГШХО хийгдсэний 42 хувийг Оюу Толгойн хөрөнгө оруулалт эзэлж байна.
ШУТИС-ийн багш, судлаач М.Дагва “Улс төрийн намууд иргэдэд амлалт өгөх байдлаар асуудалд хандаж буй энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг татах эсэх нь бүрхэг. Уул уурхайн хөгжлийг үндэсний амбицтай холбож байж цааш явна. Мөн салбарын датануудаа шинэчилж, орчин үеийн технологийг нэвтрүүлж байж хөрөнгө оруулагчдыг татна. Эс бөгөөс өнөөдрийн нөхцөлд хөрөнгө оруулагчдыг татах боломжгүй” гэж тодотгов.
Харин ЭЗХЯ-наас өөр байр суурьтай байна. Тус яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын Үйлдвэржилт, дэд бүтцийн хэлтсийн дарга Ш.Маргад “Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд хуульд найман гол өөрчлөлтийг оруулахаар тусгасан. Хөрөнгө оруулагчдын хязгаарлагдмал зохицуулалтыг хязгаарлах, хөрөнгийг нь хууль бусаар хураахгүй, тэдний эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулах, төртэй холбоотой аливаа маргаанаар Олон улсын арбитрт хандах эрхийг нээх, төрийн бүх байгууллагын чиг үүрэг хөрөнгө оруулалттай хэрхэн уялдахыг нэг бүрчлэн тодорхойлж өгөх, татварын урамшууллыг зөвхөн татварын хуулиар зохицуулах, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх асуудлыг зөвхөн хуулиар зохицуулах, цахим гэрчилгээ олгох юм” гэж онцоллоо.
Уул уурхайн салбарын талаар улс төр, нийгмийн хүрээнд харилцан адилгүй ойлголт байсаар ирсэн. Мөн тухайн салбарын эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаар нэгдмэл үзэл баримтлал, түүнийг нотлох судалгаа ч алга. Тиймээс хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын эдийн засагт хамгийн том байр суурь эзэлж буй уул уурхайн салбар, тэр дундаа тус салбарт хийгдэж буй ГШХО-ын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар ярилцжээ.
СЭЗИС-ийн багш, дэд профессор Ж.Дэлгэрсайхан “Уул уурхайн салбарын Монгол Улсад нөлөөлж буй талаар академик судалгаа алга. Энэ салбарт нэгдсэн бодлого байна уу гэдэгт хариулт олдохгүй байна. Нэг бол тэнгэрт тултал сайлна, эсвэл газар дор ортол муулна. Уул уурхайн салбарын бодит үнэн юу вэ гэдэгт хариулт үгүй. Тиймээс СЭЗИС-ийн багш, судлаачид өнгөрөгч арваннэгдүгээр сараас судалгаа хийж эхэлсэн” гэж ярилаа.