Сар шинийн баяр хаяанд ирж, иргэд бэлтгэлээ базааж байна. Ийм үед айл өрхүүдийн цахилгааныг урьдчилан мэдэгдэлгүйгээр таслах тохиолдол ихэсжээ. Сүүлийн үед иргэд өдөр бүр цахим сүлжээнд ийм гомдол гаргаж буй. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэгт байн байн тасрах нь бараг хэвийн үзэгдэл болсон гэнэ. “Дуртай үедээ цахилгаан таслахаа больё оо. Ядаж хуваарь гаргах ёстой” гэж нэгэн иргэн бухимдлаа илэрхийлсэн байв. Түүнчлэн гэнэт хязгаарласан нөхцөлд ямар учиртайг нь лавлахаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн 70047004 дугаарын утас руу нь залгадаг ч байнгын ачаалалтай, хариулах гэж өчнөөн хугацаа зарцуулдаг талаарх гомдол ч цөөнгүй бий.
“Цахилгаан дахиад тасарлаа. Компьютер дээр нэлээд сууж бичсэн зүйлээ сануулаагүй байдаг. Сошиал руу орлоо. Том том сэдэв ярьсан цүнхний эзэд болон түүнийг нь баригчид. Өнөөдрөөс, амьдралаас хол сонсогдож байна” гэж УИХ-ын нэгэн гишүүн цахим сүлжээнд бичсэн нь анхаарал татлаа. Эрх баригч намын гишүүн тэрбээр уг нь цахилгааны тасалдлын талаар нийгмийн сүлжээнд бичих бус, харин чуулганыхаа танхимд, бодлогын түвшинд эл асуудлыг ярих, шийдэх ёстой. Ийм боломж, эрх мэдэл нь ч тэдэнд бий. Гэтэл түшээд ийнхүү олон нийтийн сүлжээнд гоншигнох нь харин ч амьдралаас хол сонсогдож байна.
Учир нь энэ өвлийн турш л бид эрчим хүчний хязгаарлалтад өртлөө. Тус салбарын ачаалал ч ихэссэнийг албаныхан байнга мэдээлж буй. Иргэд харин ч нөхцөл байдал амаргүйг ойлгон, хүлцэж, гомдол, шүүмжлэл төдийлөн гаргахгүй байгаа. Гэтэл холбогдох байгууллагынхан бүр давраад, хэрэглээ хязгаарлахдаа мэдэгдэхээ ч болив. “Нууцаар”, бас гэнэт цахилгаан тасалдаг нь хэрээс хэтэрлээ.
Өнөө үед утасгүй хүн тун ховор. Бас хүн амын талаас илүү хувь нь нийгмийн сүлжээ ашиглаж байна. Ийм учраас ганцхан мессеж явуулж, эсвэл нэгдсэн хуваарь гаргаад, олон нийтийн сүлжээгээр түгээхэд хэрэгцээтэй хүн бүр олоод мэдчих боломжтой. Ажил хариуцсан хүмүүс нь иймхэн сэтгэл гаргачхаж чадахгүй гэж үү. Ялангуяа удахгүй болох Цагаан сарын үеэр ийм байдлаар гэнэт цахилгаан тасалж, иргэдийнхээ амьдралд хүндрэл учруулмааргүй байна.