Монгол Улсын эрчим хүчний нийт хүчин чадал 1569 МВт 2023 онд 10.9 тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж, үүнээс 9.9 тэрбум кВт.ц-ийг хэрэглэгчдэд нийлүүлжээ. Дээрх хэрэглээний 75.5 хувийг дотоод, 24.5 хувийг импортоор авсан байна. Тодруулбал, импортоор 938 кВт.ц-ийг ОХУ, 1.5 тэрбум кВт.ц-ийг БНХАУ-аас нийлүүлжээ. Дотоодод үйлдвэрлэсэн эрчим хүчний хэрэглээний 80.6 хувийг ДЦС-ууд, 9.9 хувийг салхи, 7.3 хувийг нар, 1.6 хувийг усан цахилгаан станцаас үйлдвэрлэжээ. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр салбарын 18.8 хувийг эзэлж байна. ДЦС-ууд төв болон Дорнод бүсэд байршдаг бол салхи, нар болон усан цахилгаан станц Төв болон Алтай-Улиастай, баруун бүсэд байршдаг.
Эрчим хүчний хэрэглээ жилд 6-7 хувиар өсөж байна. Энэхүү хэрэглээг дотоодын нөөц боломжоор хангах нөхцөл бүрдээгүй учраас нийт хэрэглээний 24.5 хувийг импортоор авч байна. Нийслэлийн хэрэглээ 2022 онд 1469 МВт байсан бол 2023 онд оргил ачаалал 1636 МВт хүрчээ. 225 МВт-ийн өсөлт гарсан байна. Өөрөөр хэлбэл, 2023-2024 оны өвлийг давахын тулд ДЦС-ууд хамаг хүчээ шавхаж, ямар ч нөөцгүйгээр ажиллажээ. Цаашид энэ байдал үргэлжилбэл хот даяараа тоггүй болох эрсдэл өндөр байна.