“Оюу толгой” компани 2023 оны дөрөвдүгээр сарын улирлын тайлангаа танилцууллаа. Өнгөрөгч гуравдугаар сард гүний уурхайн үйл ажиллагаа эхэлснээр борлуулалт 9 хувиар нэмэгджээ. 2023 онд тус компанийн зэсийн экспорт 118 хувиар өсөж, 5.6 их наяд төгрөгийн орлого олсон байна. Үүнд 658 мянган тонн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 790 мянга, 161 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэхээс 168 мянга, 153 мянган унц баяжмал дахь алт гаргахаас 177 мянган унц баяжмал дахь алт нийлүүлсэн нь нөлөөлжээ. Ингээд 1.3 км-ийн гүнд 15 500 метр хөндлөн малталт хийж, нийт экспортын 9 хувийг гүний уурхайгаас олборлосон байна. 2024 онд энэ тоог 17 хувь хүргэхээр төлөвлөжээ. Мөн арван жилийн хугацаанд олборлолтоо өсгөж, жилд 500 мянган тонн хүдэр олборлохоор төлөвлөсөн аж.
Орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдэд 2023 онд 28.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосны 66 хувийг Говийн-Оюу хөгжлийг дэмжих сан, 34 хувийг Ханбогдын хөгжлийг дэмжих Оюу толгойн хурдасгуур сангаар дамжуулсан. Дээрх санхүүжилтийн 88 хувийг боловсрол, дэд бүтцийн чиглэлд зарцуулсан байна. Татвар, хураамж, үндэсний компаниудад төлсөн НӨАТ зэрэг төлбөрт 1.4 их наяд төгрөг төлжээ. Мөн ус ашигласны төлбөрт 171 тэрбум төгрөг зарцуулж, ус дахин ашиглалтын түвшин 85.7 хувьд хүрчээ.
Харин үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 2010 оноос хойш 40.4 их наяд төгрөгийг зарцуулжээ.