МҮХАҮТ, Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран “Тогтвортой хөгжил ба сэргээгдэх эрчим хүч” сэдвээр уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Макро эдийн засгийн хөгжлийн тулгуур нь эрчим хүч. Гэтэл эрчим хүчний суурь асуудлыг шийдвэрлэлгүйгээр хөгжил ярих боломжгүй юм.
МҮХАҮТ-ын дарга Д.Ганхуяг “Үйлдвэрт ашиглах эрчим хүч ярих байтугай 2023 оны өвлийг арай гэж давлаа. Эрчим хүчний салбарт шинэчлэл хийж, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд тогтвортой бодлого хэрэгтэй байна. Асуудлыг аргалах бус, суурь шалтгааныг нь шийдвэрлэх хэрэгтэй. Бодлого нь тодорхойгүй, тогтворгүй зах зээлд хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй. Эрчим хүчний тухай хууль болон тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх дорвитой алхам хэрэгтэй байна” гэж тодотголоо.
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй ч үүнийг хэрхэн ашиглаж, эдийн засгаа хөгжүүлэх талаар нэгдсэн, тогтвортой бодлогогүй гэдгийг мэргэжилтнүүд шүүмжилж байна. Тодруулбал, Засгийн газар солигдох бүрт бодлого нь өөрчлөгдөж, үүнээс өнөөдөр өртөгөө ч нөхөж чадахгүй, цаашлаад цалин ч тавих боломжгүй асуудалтай эрчим хүчний салбар нүүр тулжээ.
НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра “НҮБ-аас Монгол Улсын Засгийн газартай тогтвортой хөгжлийг хангахад хамтарч ажилладаг. Тогтвортой хөгжлийн 17 зорилтын гүйцэтгэлийг Үндэсний сайн дурын илтгэлээр тодорхойлдог. 2023 онд Монгол Улс энэ хүрээнд 2 дахь илтгэлээ тавьсан. Тус илтгэлээс 17 зорилтоос ихэнхид нь зорилтоо биелүүлсэн боловч ядуурлыг бууруулах чиглэлд ухралт руу явж байгаа нь ажиглагдлаа. НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас Тогтвортой хөгжлийг хангахын тулд нэгдмэл стратеги боловсруулсан. Ингэхдээ Алсын хараа 2050, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулсан. Гэхдээ үүнийг зөвхөн НҮБ-аас хэрэгжүүлэх бус Монгол Улсын Засгийн газартай хамтарч хийнэ. Бусад хамтрагч байгууллагуудын оролцоо ч чухал. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд манай байгууллагад ногоон эдийн засгийг дэмжсэн хамтын ажиллагаа бий. Энэ хүрээнд Монгол Улс дахь эрчим хүчний үнэ, үнийн татаасын талаар ЭХЗХ-той хамтран судалгаа хийсэн. Мөн 2024 онд Колумбын сургуультай хамтран Монгол Улс дахь сэргээгдэх эрчим хүч, нөөц боломжийг судлахаар төлөвлөж байна. Тус сургуулийн судлаачид ирэх гуравдугаар сард ирнэ. Түүнчлэн эдийн засгийн байгууллагын комиссоос Тогтвортой хөгжлийн 7 дахь зорилт болох замын зураглал гарсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хоёрдугаар сарын 29-нд олон нийтэд мэдээлэхээр төлөвлөж байна” гэж ярилаа.
Эдийн засгийг хөгжүүлэхэд эрчим хүчний найдвартай эх үүсвэр чухал. Тиймээс салбарын мэргэжилтэн, хувийн хэвшил, эдийн засгийн сэтгүүлчдийн дунд уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломжийг хайж, гарц эрэлхийллээ.
"Клийн энержи" компанийн захирал Ц.Сүхбаатар “Хүнээ хөгжүүлээгүй цагт бодлого явахгүйтэй адил эрчим хүчний эх үүсвэрээ тогтвортой болгоогүй цагт эдийн засаг хөгжихгүй. Өөрөөр хэлбэл, эрчим хүч нь эдийн засгийг хөгжүүлэх суурь салбар юм. Мөн цахилгааны тарифыг хэт доогуур үнэлсэн нь өнөөдөр тус салбарыг алдагдалдаа идэгдсэн, урсгал засвар ч хийх чадамжгүй байдалд хүргэлээ. Үүнээс гарах нэг гарц нь өртөгт эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулж байгаа зардлыг тусгах, зах зээлийн түвшинд хүргэх, үнийг чөлөөлөх асуудал юм” гэлээ.