Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулаад 11 жил өнгөрчээ. Гэр хорооллыг барилгажуулсан өнгөрсөн хугацааны ажлын үр дүн, алдаа оноо, өдгөө хийж буй бүтээн байгуулалтын талаар НОСК-ын дарга М.Говьсайхантай ярилцлаа.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг өнгөрсөн хугацаанд ямар хэлбэрээр зохион байгуулж ирэв?
-Нэгдүгээрт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг нурааж, шинээр барьсан. Тухайн барилга он удаан жил болсон, дотор нь хүн амьдрах боломжгүй гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт үндэслэн барилгуудыг нурааж, дахин барилгажуулдаг гэсэн үг. Үүнийг нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрынхан хариуцаж хийдэг. Тус газраас нийслэлийн насжилт өндөртэй барилгуудаас аль нь ашиглалтын шаардлага хангахгүй болсныг судалж гаргадаг. Улмаар сонгон шалгаруулалт зарлаж, дээр хэлсэнчлэн, нурааж дахин барилгажуулдаг. Хоёрдугаарт, гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах үйл ажиллагаа бий. Эл ажил 2013 оноос эхлүүлсэн. Гэр хорооллын тодорхой байршлуудыг сонгож, дахин төлөвлөж, барилгажуулдаг. Ингэхдээ иргэдээс санал авч, 80-аас дээш хувь нь зөвшөөрвөл тухайн байршлыг барилгажуулахаар тендер зарлаж, компани шалгаруулж, батламжилдаг. Үүнийг нийслэлийн Орон сууцны бодлогын газар хариуцдаг.
Өөрөөр хэлбэл, дээрх хоёр байгууллагын хариуцсан ажил иргэдийн саналын үндсэн дээр явагддаг. Иргэд өөрсдөө хүлээн зөвшөөрөөд амьдрах орчин нөхцөлөө сайжруулъя, хуучин барилгаа, хашаагаа буулгая, оронд нь шаардлагад нийцсэн орон сууц баръя гэсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компани байр барьдаг. Амьдрахад орчин нөхцөл хүнд, эрүүл аюулгүй байдалд нөлөөлөхүйц утаатай, хөрсний бохирдол ихтэй учраас гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах ажлыг тодорхой үе шаттай хэрэгжүүлж буй.
-Хэчнээн хэсэгчилсэн талбайд хэдэн компани барилга барьсан бэ?
-Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хугацаанд гэр хорооллын 31 байршил буюу 88 хэсэгчилсэн талбайг дахин төлөвлөхөөр баталсан. Энэ нь нийтдээ 1967.1 га талбай буюу 23096 нэг талбар. Ингээд 2013 оноос хойшхи ажлын хэрэгжилт 10-12 хувьтай буюу 2023 оны байдлаар 3023 нэгж талбар чөлөөлж, барилгажуулсан.
-Зарим төсөл амжилтгүй болсон шүү дээ. Хэрэгжүүлэх явцад ямар ямар асуудлууд гарав?
-Нэгдүгээрт, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд газраа чөлөөлж өгөөд нүүсэн иргэдэд түрээсийн төлбөрийг нь өгөх ёстой. Үүнээс гадна чөлөөлсөн газарт төдий хугацаанд барилга барьж, иргэдээ оруулна гэж гэрээ хийдэг. Зарим компани төсөл хэрэгжүүлэх явцдаа хөрөнгө оруулалтгүй болж, иргэд хохирдог. Барилга удаашрахаас гадна иргэдэд байрны түрээсийн мөнгө өгдөггүй. Тиймээс шүүхэд хандаж, түрээсийн мөнгө авах нэхэмжлэл гаргадаг. Гэсэн ч үр дүнгүй. Эсвэл ганц, хоёрхон блокийг 2-3 жил дамжуулж барьдаг. Тэгээд нэг жилийн дараа оруулна гэсэн гэрээний зүйл заалт зөрчиж, иргэдийг хохироодог. Хоёрдугаарт, нийслэл тухайн төсөлд дэд бүтцийг нь хариуцах үүрэг хүлээсэн. Жилийн жилд төсөвт дэд бүтцийн мөнгийг бага багаар тусгаад л явж байна. Гол хүндрэл нь дээр хоёр асуудал юм.
-Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд дэд бүтцэд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?
-Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 179.7 тэрбум төгрөг төлөвлөсөн. Үүнээс 2013-2016 онд 121,3 тэрбум, 2017-2022 онд 58.4 тэрбум төгрөг зарцуулжээ. 2023 онд 1.8 тэрбумыг дэд бүтцэд төсөвлөж зарцуулсан. 2024 онд 17.3 тэрбум төгрөг дэд бүтцэд тавьсан. Нийтдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд гэр хорооллыг дэд бүтцэд нийт 617.9 тэрбум төгрөг хэрэгтэй.
-Угаас 2015 оны Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болоод оны өмнө баталсан Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд Дэд бүтцийг төр даана гэж заасан байгаа шүү дээ. Энэ хүрээнд цаашдаа ямар ажил хийх вэ?
-Компаниуд гэрээний үүргээ биелүүлж, орон сууц ашиглалтад орох хүртэл иргэдэд байрны түрээсийн төлбөр төлөх ёстой. Гэтэл компаниуд үүргээ биелүүлдэггүй тул иргэд хотод ханддаг. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллын бүсэд зургаан дэд төвийг байгуулахаар төлөвлөсөн. Хэсэгчилсэн дэд төвүүдийг байгуулна. Эхнийх нь дээр хэлсэн “Сэлбэ”, “Баянхошуу” дэд төв. Дараагийнх нь “Дамбадаржаа”, “Толгойт” дэд төв. Гурав дахь шатанд “Дэнжийн 1000”, “Шар хад” дэд төвийг ээлж дараатай барина. Өөрөөр хэлбэл, дэд төвүүд барьснаар гэр хорооллын инженерийн дэд бүтцээ шийдчихэж болно. Тиймээс хэсэгчилсэн бие даасан инженерийн дэд төвүүдийг нэмж байгуулах зураг төсөл, ТЭЗҮ (техник эдийн засгийн үндэслэл) хийчихсэн. Гэсэн ч гэр хорооллын тог, цахилгаан, дулааныг дээрх зургаан төв бүрэн хангах боломжгүй.
-Иргэд хохирсоор байгааг та хэллээ. Үүний мөрөөр хотын удирдлага, холбогдох албад ямар арга хэмжээ авав?
-Гэрээ ачаад нүүсэн иргэд олон шалтгааны улмаас хохирч байна. Тиймээс НОСК газар чөлөөлөлтийн улмаас хохирсон иргэдийг түр суурьшуулах байруудаа авсаар байна. Байрууд дүүрчихсэн. Цаашдаа дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг дээрх маягаар үргэлжлүүлэхэд хүндрэл үүсэж буй. Тиймээс дэд бүтцээ 100 хувь шийдсэн газарт л дахин төлөвлөлтийн байршлыг зарлаж, төсөл хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн.
-Тухайлбал, ямар ажлууд хийх бол?
-2023 онд “Сэлбэ”, “Баянхошуу” дэд төвийн дэд бүтцийг 100 хувь ашиглалтад оруулсан. Тиймээс эл хоёр газрыг дахин төлөвлөлтийн байршлаар зарлалаа. Сэлбэд орчим 158, Баянхошуунд 162 га-г дахин төлөвлөж, барилгажуулна. Энэ хүрээнд 2023 онд иргэдээс нээлттэй санал асуулга явуулахад иргэдийн 80-аас дээш хувь нь зөвшөөрсөн. Тиймээс дахин төлөвлөлтийн байршлыг баталсан. Тухайлбал, “Сэлбэ” дэд төв буюу Сүхбаатар дүүргийн 14, 15, Чингэлтэйн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэхдээ өмнөх алдааг давтахгүй. Өөр хувилбараар төсөл хэрэгжүүлнэ. Хувь аж ахуйн нэгж биш НОСК дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлнэ, нэгдсэн төлөвлөлт хийнэ. Нийслэлийн Орон сууц бодлогын газраас зураг төсөл, ТЭЗҮ-ийн сонгон шалгаруулалтыг зарласан. Мөн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас хөрөнгийн үнэлгээ хийдэг компанийг нээлттэй сонгон шалгаруулна. Улмаар Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг дагаж гарах журмыг Засгийн газраар батлуулна. Ингээд 158 га талбарын зураг төсөл төлөвлөлт гарахаар бид газар чөлөөлөлтөө эхлүүлнэ.
-Аж ахуйн нэгжүүд газар чөлөөлөхгүй юм байна, тийм үү.
-Өмнө нь аж ахуйн нэгж иргэн хоёрыг хоорондоо тохир, наад газартаа орон сууцаа барь гээд орхидог байлаа. Улмаар зөвшөөрлийг нь аж ахуйн нэгжид өгдөг. Аж ахуйн нэгжүүд нэг, хоёр барилгыг өөр өөрсдийн дур дураар барьж ирсэн. Тиймээс нэгдсэн нэг төлөвлөлттэй хороолол байгуулж чадаагүй. Өөр өөр өнгө дүр төрхтэй, орц гарцны шийдэлгүй, сургууль цэцэрлэггүй замбараагүй, нэгдсэн төлөвлөлтгүй ганц нэгхэн блок хотхонууд босгож ирсэн. НОСК энэ алдааг засна. Нийтээр нь 158, 162, 200 га-гаар нь төлөвлөж, зураг төслийг нь баталгаажсаны дараа газраа нийслэлийн Газрын алба иргэдийг нүүлгэн шилжүүлнэ. Аж ахуйн нэгжүүд иргэдтэйгээ тохирохгүй, газраа чөлөөлж чадахгүй хамгийн их цаг авдаг байсан. Одоо чөлөөлсөн газарт л барилгын компани хотхоноо нэгдсэн төлөвлөлтөөр барина. Бид ингэж хийнэ.
-Газар чөлөөлөхдөө хүний эрхийг хэр хангаж ажиллах вэ, өмнө нь үүнтэй холбоотой маш том асуудлууд гарч, олон улсын түвшинд яригдсан шүү дээ. Газрын эрхгүй, хажуу айл таны яриад байгаа журамд хамаатай юу?
-Нийслэлийн Газрын албаныхны боловсруулж буй Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журамд хүний эрхийг хангахтай холбоотой санал өгсөн. Ер нь Азийн хөгжлийн банк, олон улсын байгууллагын санхүүжилттэйгээр уг төслийг хэрэгжүүлнэ. Тодорхой хэлбэл, газрыг олон улсын байгууллагын санхүүжилтээр чөлөөлнө. Тэд хамгааллын бодлого хэрэгжүүлэхийг шаардсан. Газрын эздээс гадна тухайн газарт он удаан амьдарсан ч газрын эрхгүй, нөлөөлөлд өртөх болзошгүй төрсөн ах дүүсийг нь хамгаалах зүйл заалтуудыг журамд оруулна. Мөн нөлөөллийн үнэлгээ хийхээр санал өгсөн. Тун удахгүй журам гарчих байх. Нэгдүгээр сардаа багтах болов уу.
-Газрыг нь чөлөөлсөн айлуудаа хэрхэх вэ?
- Нэгдүгээрт, газрыг орон сууцаар солих, хоёрдугаарт, чөлөөлсөн газарт нь орон сууц барих хүртэл хугацаанд түрээсийн орон сууцаар хангана. Нэг өрхөд сард 1.2 сая төгрөг төсөвлөж байна. Гуравдугаарт, газрыг нь худалдаж авах гэсэн заалтууд оруулсан. Ийм гурван хэлбэрээр газар чөлөөлж, орон сууцжуулах төслийг барилгын компаниудад нээлттэй сонгон шалгаруулна. Ингээд төлөвлөлтийн дагуу төслийг явуулахад НОСК хяналт тавих үүрэг хүлээх юм. Нэгдсэн зураг төслөөр норм стандартын дагуу сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байрууд, томоохон худалдааны төвүүдтэй байхаар төлөвлөсөн. Мөн төрийн үйлчилгээний барилга байгууламжийг ч давхар төлөвлөсөн.
-НОСК-ийн байранд хэчнээн компанийн хэчнээн хохирогч иргэн байна вэ?
-Одоогийн байдлаар түр оршин суух байранд 137 иргэн бий. Компанийн буруутай үйл ажиллагаанаас хохирсон иргэд НОСК-ийн түр суурьшуулах байранд амьдарч байгаа гэсэн үг.
-Хотод бэлэн хэчнээн байр байгаа вэ?
-НОСК түр суурьшуулах 400 гаруй айлын орон сууц бий. Энэ байрны зорилго нь төсөл хэрэгжүүлж дуусах хугацаанд иргэдийг түр байлгах юм. Бэлэн орон сууцны тоо хэлэх боломжгүй. 12000 айлын орон сууц 2024 онд барина. Иргэдийг байранд оруулах, түрээсийн төлбөр өгөх зэрэгт 150 тэрбум төгрөг суулгасан. Удахгүй үүнд тодотгол хийж, нэмэхээр ярилцаж байна. Сонгинохайрхан дүүргийн VI хороонд 127 орон сууцыг ашиглалтад оруулчихсан.
-Орлогод нийцсэн ногоон орон сууц хөтөлбөрийг танайхаас хэрэгжүүлж байгаа юу?
-НОСК орлогод нийцсэн ногоон орон сууц төслийг гардаж хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг олон улсын хамгааллын бодлогын дагуу хэрэгжүүлсэн. Баянхошуунд 5.6, Цайз захын арагшаа 5.5 гээд нийт 11.1 га талбарыг ямар нэг гомдолгүйгээр шууд орон сууцаар солино. Дээрх хоёр талбар дээр нийт 880 айлын орлогод нийцсэн ногоон орон сууц барих төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр байршилд 110, 110 буюу 220 байрны угсралтын ажлын явц 80 хувьтай байна.
-НОСК төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ямар төслүүд хэрэгжүүлж байна вэ?
-Энэ хүрээнд Хан-Уул дүүрэгт Морингийн даваанд 7000 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх гээд зураг төсөл, ТЭЗҮ боловсруулсан. Гадна инженерийн шугам сүлжээний ажлаас цэвэр бохирын ажил усан сан, цахилгааны ажил бүрэн 100 хувь дууссан. Одоо дулааны станц барихаар зураг төслийг нь боловсруулаад байна. Нийт 38 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай дулааны станц барина. Дээр хэлсэнчлэн төр, хувийн хэвшлийн хүрээнд үүнийг хийнэ. Эхний хэлэлцээрүүд амжилттай болсон. Одоо төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажил үлдсэн. Тухайлбал, Баянголын аманд 1780 айлын орон сууцны төслийг 10 га газарт төр хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ. Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “Сайхан төмөрт” компани зураг төслөө дуусгачихаад энэ хавар барилгын ажлаа эхлүүлнэ. Мөн нийслэл Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 1750 айлын орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг Баянхошуу дэд төвийн хүрээнд хийж гүйцэтгэх гэж байна.
-Маш олон төслүүдийг хийхээр эхлүүлжээ. Төсөл хэрэгжүүлэхдээ хүүхдийн эрх ашгийг хэрхэн хамгаалж ажиллах вэ?
-Нийслэлийн хүн амын талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байна. Маш хүндрэлтэй таагүй нөхцөл, эрүүл ахуйн хувьд аюултай, хөрсний болоод агаарын бохирдолд газарт хүүхдүүд аж төрж байна. Тиймээс иргэдийг, хүүхдүүдийг инженерийн дэд бүтцээр хангагдсан, шаардлагад нийцсэн орон сууцад оруулахаар хот ажиллаж байна. Дээрх бүх төсөл хөтөлбөр хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөл нь сайжруулахын тулд л хэрэгжүүлж буй ажил юм.