Дэлхий нийтээр хүлэмжийн хийг бууруулах зорилгод нэгдэж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өсөж, үйлдвэрлэл 30 гаруй хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл, олон улс нүүрснээс татгалзаж, ногоон эрчим хүчийг ашиглах санаачлагад нэгдсээр. Мөн дэлхийн дулаарлыг 1.2 хувьд барихын тулд улс орон бүр өөр өөрийн арга барилаар зорилтдоо хүрэхийг хичээж байна.
Харин Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувиар өсөж, нийт хэрэглээний 79 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 21 хувийг импортоор хангадаг. Ингэхдээ дотоодын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 90.8 хувийг ДЦС-ууд, үлдсэн 9.2 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэж буй. Тодруулбал, өнөөдөр үйлдвэрлэж буй дулаан, эрчим хүчний ачааллыг ДЦС4 нуруун дээрээ үүрч, 60 гаруй хувийг үйлдвэрлэж, нийлүүлж байна. Уг нь Алсын хараа 2050-д тусгасан эдийн засгийн тэргүүлэх чиглэлд эрчим хүчний салбарыг тодотгосон. Ингэхдээ сэргээгдэх эрчим хүчний нөөцөд тулгуурлан, ус, нар, салхины станц барих тухай тусгасан юм билээ.
Жилд 29 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж байна
Монголдоо үйлдвэрлэлийн хүчин чадлаараа хоёрт орж буй “Бөхөг” нарны цахилгаан станцаар жишээ татахад жилдээ 29 сая кВт.ц эрчим хүчийг үйлдвэрлэж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлж байна. Төв аймгийн Сэргэлэн сумын Бөхөгийн хөндийд байрлах тус байгууламж нь 15 МВт-ын хүчин чадалтай. Энэ нь бага хүн амтай 2-3 аймгийн цахилгааны хэрэглээг хангана гэсэн үг. Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий 51 372 ширхэг нарны дэлгэц ашиглан, 24 цагийн туршид цахилгаан үйлдвэрлээд таван жил болжээ. Энэ хугацаанд 100-150 сая орчим кВт.ц эрчим хүч үйлдвэрлэсэн. Ингэхдээ жилд 75 мянган тонн хүлэмжийн хийг бууруулж, 585 500 тонн түүхий нүүрс шатаахаас сэргийлж, 3.6 сая тонн цэвэр усны хэмнэлт хийжээ.
Уламжлалт нүүрсэн станцуудын урсгал зардал, хүн хүчний оролцоо сэргээгдэх эрчим хүчний станцтай харьцуулахад өндөр байдаг. Харин нарны цахилгаан станц нь нэг суурилуулчихад бага хүчээр байгальд ээлтэй цахилгаан үйлдвэрлэх нэг гарц юм. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн хий ялгаруулахгүйгээр, түүхий нүүрс шатаахгүйгээр, ус ашиглахгүйгээр цахилгаан үйлдвэрлэх тухай энд ярьж байна. Манай орны нар болон салхинаас авч чадах цахилгааны хэмжээ жил бүр 15 000 тераватт цаг. Энэ нь 18 сая тонн нүүрс шатаахтай тэнцэх хэмжээний эрчим хүчийг бий болгоно.
Монголын хамгийн том нарны цахилгаан станц
Монголын хамгийн том “Гэгээн” нарны цахилгаан станцыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байгуулжээ. Монгол Улсын 28 000 өрхийг эрчим хүчээр хангах 15 МВт-ийн “Гэгээн” цахилгаан станц нийт 51 840 ширхэг нарны хавтантай, жилд 32 сая кВт эрчим хүч үйлдвэрлэдэг байна. Ингэснээр жилд хүлэмжийн хий 834 мянган тонноор буурч, 27 мянган тонн нүүрс, 202 мянган тонн усны хэрэглээг хэмнэдэг. 25 жилийн дотор 37.11 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулах тооцоо гарчээ.
Энэ мэт сэргээгдэх эрчим хүчийг ашиглан, цахилгаан үйлдвэрлэх нөхцөл бүрдсээр байна. Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгаль дээр тасралтгүй нөхөн сэргээгдэж байдаг энерги юм. Үүнд нар, салхи, ус, биомасс, далайн татралт, түрэлт, газрын гүний дулааны эрчим багтдаг. Дэлхийн дулааралтай тэмцэж буй энэ үед сэргээгдэх эрчим хүчний нөлөө их чухалд тооцогдож байна.