Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээ, үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн байршил, хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Бүсчилсэн хөгжил (Хүнд үйлдвэрлэл, технологийн парк) хэлэлцүүлэг”-ийг нэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор, дэд профессор М.Алтанбагана “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хөгжлийн орон зайн төлөвлөлт, суурь концепци & Хүнд аж үйлдвэр хөгжүүлэх тохиромжтой байршлын үнэлгээ” сэдвээр, Аж үйлдвэрийн паркийн технологи дамжуулах төвийн тэргүүн Б.Артагбат “Аж үйлдвэрийн бүсчилсэн хөгжлийн стратеги” сэдвээр тус тус илтгэл тавилаа. Мөн Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулж хөгжүүлэх талаар тусгагдсан байдал, хэрэгжилт, хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын төлөвлөлт, паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, паркт үзүүлэх төрийн дэмжлэгийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлэв.
Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн газарзүй, геоэкологийн хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн механик, тээврийн сургууль, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс үйлдвэрлэл, технологийн парк” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Багануур үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨААТҮГ, “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨААТҮГ, “Багахангай хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨААТҮГ, “Шивээ Овоо үйлдвэрлэл, технологийн парк” ХХК, “Аж үйлдвэрийн паркийн технологи дамжуулах төв” ТББ, “Үндэсний ж үйлдвэрийн зөвлөл” ТББ, “Монголын химийн нийгэмлэг” ТББ, “Монголын үйлдвэрлэл, технологийн паркийн нэгдсэн холбоо” ТББ, “Монголын химич, химийн инженер-технологичдын холбоо” ТББ, “Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо” ТББ, “Монголын металлургичдын холбоо” ТББ, Монголын өрөмдлөгийн холбоо, Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаач, их дээд сургууль, үйлдвэрлэл, технологийн парк, аж ахуйн байгууллагын төлөөлөл оролцжээ.