Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 24.3 их наяд төгрөгт хүрчээ. Өмнөх оныхоос 5.8 (31.3 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 23.2 их наяд төгрөгт хүрч, 6.1 (35.6 хувь) их наяд төгрөгөөр тус тус өсжээ. Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн онд 22.5 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 763.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Татварын нийт орлого өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр 21.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 6 (38.8 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 2 (51.6 хувь) их наяд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.8 (2 дахин) их наяд, нийгмийн даатгалын орлого 904.6 (29.8 хувь) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 827.2 (21 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 57.8 (6.8 хувь) тэрбум төгрөгөөр буурсан аж.
Татварын орлогод өнгөрсөн онд орлогын албан татвар 27, нэмэгдсэн өртгийн албан татвар 22.3, бусад татвар, төлбөр, хураамжийн орлого 21.8, нийгмийн даатгалынх 18.4, гадаад үйл ажиллагааных 6.8, онцгой албан татварын орлого 3.7 хувийг эзэлж байна. Орлогын албан татварын 69 хувийг ААНОАТ, 31 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлжээ.