“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган болж буй. Энэ үеэр хэн юу гэж хэлснийг хүргэе.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Миний хувьд бусад бүх улс төрийн намтай, эрдэмтэн судлаачидтай төрд байгаа бүх мэдээллийг хуваалцана. Яагаад гэвэл, мөрийн хөтөлбөр боловсруулах мэдээллийн орчин тэгш байх ёстой. Ирэх сонгуулийг бодлогын мэтгэлцээн, хөгжлөө ярьсан сонгууль болоосой гэж хүсэж байна. Эдийн Засгийн Форумын ач холбогдол бол энэ. Олон улсад 1970-аад оноос зохион байгуулагдаж эхэлсэн Эдийн Засгийн Форум бол аль ч улсын Засгийн Газрын өмч биш. Энэ бол эдийн засаг болон улс төрийн удирдагчид албан бусаар уулзаж зөвшилцдөг дундын цэг юм.
УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд: Уламжлалт сектор болох хөдөө аж ахуй, бас аялал жуулчлал бүх аймагт байна. Гагцхүү тухайн бүсийн ялгарал нь юу байх юм, худалдаа, уул уурхайн хүнд, хөнгөн үйлдвэр болон хүнсний үйлдвэр байх юм уу, цааш юугаараа илүү төрөлжих вэ гэдэг дээр л тогтож яримаар байна.
Ардчилсан Намын Дарга Л.Гантөмөр: Бид хөгжлийн тухай бодлогоо ахин нэг харах болжээ. Бизнес эрхлэгчид, Монголын хөрөнгө оруулагчид нэг л зүйлийг хэлдэг, улс төрийн тогтвортой орчинг бүрдүүлээд өгөөч гэдэг. Тэгвэл хараа хяналттай харилцан яриа, үндэсний эрх ашиг дээрээ нэгдэх үед л тогтвортой орчин бий болдог.
Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Инфляцын түвшин 18 сарын турш тасралтгүй буурч, одоо 7.8 хувьтай байна. 2018 оноос хойш Монгол Улсын төсөв анх удаа ашигтай гарлаа. Өнөөдөр бидний өмнө тулгамдаж буй эдийн засгийн бүсчилсэн хөгжилтэй холбоотойгоор хэлэхэд, энэ өсөлтийг бид цаашид тогтвортой хадгалах нь чухал байна.
Монголын Эдийн Засгийн Форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг: Бүсчилсэн хөгжил сэдвийн хүрээнд төр, иргэний нийгэм, хувийн хэвшил цаашид хэрхэн хамтарч ажиллах, дараагийн үе шатанд ямар ахиц дэвшил гаргах талаар Монголын Эдийн Засгийн Форумаар хэлэлцэж байна.
МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн сэтгүүлч, редактор Г.Ган-Эрдэнэ: Бүсчилсэн хөгжлийг цаашид тулгуур зарчмаа болгож явах тухайд намын удирдлагууд санал нэгдэж, санамж бичиг байгуулан, гарын үсэг зураад баталж чадсан. Энэ нь намууд заавал нэг нэгнээ эсэргүүцэх биш аливаа асуудал дээр нэгдэж болдгийн жишээг харууллаа.
Эдийн засаг, хөгжлийн сайдын Зөвлөх Н.Тогтох: Бид одоогийн байдлаар 3 том баримт бичгийг ярьж байна. 2001 оны бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, 2020 онд гарч ирсэн алсын 2050, өнөөдрийн сэдэв болж буй бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал. Энэ 3 баримт бичигт ялгаа бий, ижил тал ч мөн бий. Гол холбож буй үзэл баримтлал нь манай орны нутаг дэвсгэрийн байршлын давуу тал. Улс хооронд Монголоор дамжин өнгөрөх дөт газар нутагтаа бид нээлттэй транзит дэд бүтцийг байгуулах боломж байна.
Доктор (Ph.D), Профессор Г.Баттүвшин: Бүсчилж хөгжүүлэх гэдэг нь төрийн оролцоотой эдийн засгийн онолын бодлого. Төр төсөвлөлт, төлөвлөлтийг хийх процессоо бүсийн хэмжээнд авч үзэхээс аргагүй болно. Энэ хүрээнд хаана, ямар төлөвлөлтийг хийснээр нэгдсэн зах зээлийг бий болгож, эргээд бүс нутагтаа тоглох асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болж байгаа юм.