Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт болон Петро матад ХХК-ийн гүйцэтгэх захирал Майк Бак тэргүүтэй төлөөлөгч нартай уулзаж, Их Британийн хөрөнгө оруулагч нарын гомдол, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
Петро Матад ХХК нь газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани. Монгол Улсын газрын тосны салбарт нийт 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулаад байна. Мөн Их Британийн хөрөнгө оруулагч Макс Жонсон 2016 онд Хонгконгийн “GRF” хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Дорноговь аймгийн “Засаг Чандмань Майнз” компанийн уул уурхайн төсөлд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гэсэн хэдий ч дотоодын төрийн байгууллагуудын уялдаагүй байдал, хөрөнгө оруулагчдыг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс хөрөнгө оруулалтын томоохон төслүүд зогсох, үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байдал үргэлжилсээр буй.
Эдийн засаг, хөгжлийн яамнаас "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд хууль батлагдсанаар хөрөнгө оруулагч нарт тулгардаг эдгээр хүндрэл бэрхшээл буурах нөхцөл бүрдэнэ гэдгийг тодотголоо.