ХХААХҮЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) “Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төсөл” хэрэгжүүлэх баримт бичигт өчигдөр гарын үсэг зурав. Энэ оноос эхлэн дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэх эл төсөл нь Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах гэнэ. Хүйтэн сэрүүний улирлын тогтвортой үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тогтолцоо, хүнсний ногоо тариалах хугацаа хязгаарлагдмал байдгаас шалтгаалж нарийн ногооны хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатайг дээрх яамнаас мэдээллээ. Иймээс тухайн бус нутгийн онцлогт тохирсон, зах зээлд чиглэсэн хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төслийг ийнхүү хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр жижиг, дунд хүнсний ногоо тариаланчид болон салбарын төрийн албан хаагчдыг чадавхжуулах замаар дотоодын ногооны үйлдвэрлэлийг дэмжих аж.
Бэлтгэсэн Б.Сонор