Манай улс Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагатай 1997 оноос хойш тасралтгүй, амжилттай хамтран ажиллаж ирсэн. Өнөөдөр Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) "Зах зээлд чиглэсэн Хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төсөл"-ийг хэрэгжүүлэх баримт бичигт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танаки Шиничи нар гарын үсэг зурлаа.
2024 оноос эхлэн 4 жилийн хугацаатай хэрэгжих тус төсөл нь Монгол Улсын хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулна. Хүйтэн сэрүүний улирлын тогтвортой үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тогтолцоо, хүнсний ногоо тариалах хугацаа хязгаарлагдмал байдгаас шалтгаалан хүнсний нарийн ногооны хангамжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байна.
Монгол Улсын Засгийн газраас "Хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогын баримт бичиг (2016-2025)" -ийг баталж, хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл, нийлүүлэлтийг 2025 он хүртэл 100% нэмэгдүүлэх зорилт тавьсан. Тиймээс тухайн бус нутгийн онцлогт тохирсон, зах зээлд чиглэсэн хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төслийг Монгол Улсын Засгийн газар, ЖАЙКА хамтран хэрэгжүүлнэ.
“Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих” /SHEP/ төсөл хэрэгжсэнээр (Smallholder Horticulture Empowerment & Promotion) аргачлалд суурилсан цогц арга хэмжээгээр дамжуулан жижиг, дунд хүнсний ногоо тариаланчид болон салбарын төрийн албан хаагчдыг чадавхжуулах замаар дотоодын хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих юм.
Мөн зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих, үр дүнтэй механизмыг бий болгох, хүнсний ногооны хангамж, аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор Монгол улсад зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг өргөн цар хүрээнд хэрэгжүүлнэ.