Үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах түүнтэй холбоотой сургалтын хөтөлбөрийг батлах, шалгалтыг зохион байгуулах чиг үүрэгтэй мэргэшлийн зөвлөлийн хурал нэгдүгээр сарын 29-нд боллоо. Хурлаар мэргэшлийн зөвлөлийн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ онд зохион байгуулах үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох сургалтын хөтөлбөр, шалгалтын хуваарыг баталлаа. Тодруулбал, үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ явуулах мэргэжилтэнд эрх олгох сургалтыг тав болон 10 дугаар сард тус тус зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Харин өнгөрсөн онд үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох шалгалтыг нийт гурван удаа зохион байгуулж, 379 мэргэжилтэнд үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхийг олгосон. Дээрх хурлаар УИХ-ын ирэх хаврын нэгдсэн чуулганаар хэлэлцэх Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд өөрийгөө зохицуулах байгууллага болохын хувьд мэргэлжийн холбоонд мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, үргэлжилсэн сургалт зохион байгуулах чиг үүргийг нэмж тусгасан талаар танилцууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадралаар ахлуулсан мэргэшлийн зөвлөлд СЗХ-ны Үнэт цаасны газар, Компанийн засаглал, комплайнсын хэлтэс, “Монголын хөрөнгийн бирж” ХК, МҮЦАЭХ, “Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэг” НҮТББ, МУИС-ийн холбогдох удирдлага, эрдэмтэн багш нар гишүүнээр ажилладаг байна.