Хангайн бүсийг бүсчлэн хөгжүүлэх урьдчилсан хэлэлцүүлэг амралтын өдрүүдэд боллоо. Тус бүсийн хүн амын тоо 300 000, дундаж наслалт 72, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувийг бүрдүүлж байна. Эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь байгаль, түүх соёл, археологийн үнэт өв санд тулгуурласан аялал жуулчлал, амралт рашаан сувилал, ногоон технологи бүхий уламжлалт ба эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн кластер хөгжүүлэх юм. Дэлхийн соёлын өв болсон Орхоны хөндийд нийслэлийн баримжаатай хөгжүүлэх- Шинэ Хархорум хотыг байгуулах төлөвлөгөө ч үргэлжилж байна.
Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор С.Дулам “Монголын түүх Хүннүгийн үеэс эхэлдэг. Энэ хаант улсын төв нь тус бүсэд бий. Өөрөөр хэлбэл Хүннүгийн төрт улсын нийслэл байсан хот энд байгаа юм. Хот байгуулалтын хамгийн эхний гараа хангайн бүс аймгаас эхэлсэн түүхтэй. Үүнийг цааш өргөжүүлэн Археологийн хотыг байгуулах ёстой” хэмээн онцоллоо.
Харин бүсчилсэн хөгжлийн бодлогоор байгалийн баялаг, бэлчээрийн даац, түүхий эдийн нөөц, газарзүйн байршил, хүн ам, бүс нутгийн интеграц, тээвэр логистик, түүх соёл, үндэсний аюулгүй байдлын хүчин зүйлийг үндэслэж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг багасгах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, бүс нутаг, салбар хоорондын аж ахуйн хоршилт, дагналт, төрөлжилтийг хөгжүүлэхээр зорьжээ. Үйлдвэр технологийн парк байгуулаад, одоо байгаа үйлдвэрүүдийг илүү сайжруулан технологиор хангаж, хөгжих боломж буй.
Судлаач, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Н.Тогтох “Хангайн бүсийг дайрч буй 2 том дэд бүтэц бий. Бүс болон зам нэгдэхээрээ гадаад худалдааны суурь болж чаддаг. Транзит нутаг дэвсгэрт транзит дэд бүтэц тавиад хөгжүүлэх. Хот байгуулахдаа ямар нэг барилга барихаас өмнө юун түрүүнд эрчим хүчээ шийдэх нь зүйтэй” гэж ярилаа.
Монголчууд аймаг аймгаараа хуваагдаад дотроо төсвөө ярьдаг байсан бол гурван аймаг нийлээд бүс нутгийнхаа хөгжлийн асуудлаар хэлэлцдэг болж байна. Дараа нь нэгдсэн том муж, бүсийн хэмжээнд ярилцах нөхцөл бүрдэх юм.
Эрчим хүчний Дэд сайд М.Баярмагнай “Хангайн бүсийн хувьд бие даасан их үүсвэртэй бүс болох боломжтой. Усан цахилгаан станц баригдвал зөвхөн хойд бүсээ цахилгаанаар хангаад зогсохгүй төвийн бүсийг ч мөн адил цахилгаанаар хангах нөхцөл бүрдэнэ” гэж тодотгов.
Хангайн бүсэд хөндлөн тэнхлэгийн замын бүтээн байгуулалт хийгдсэн. Одоогийн байдлаар босоо тэнхлэгийн авто замын ажил хийгдэхээр яригдаж байна. Тодруулбал, Баянхонгор аймгаас Шивээхүрэн рүү тусгай зориулалтын зам, Өвөрхангай аймгаас Шивээхүрэн рүү мөн авто зам барихаар төлөвлөжээ.Улаанбаатар хотод хүн амын хэт их бөөгнөрөлтэй учраас бүсийн эдийн засгийг хөгжүүлэх хэрэгцээ бий.
Архангай аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын дарга Ч.Отгонжаргал “Хангайн бүсийн хувьд дотоод холболтын зам нэлээд чухал. Эрчим хүч сүүлийн гурван жил асуудалтай байна. Ноос ноолуурын үйлдвэр хөгжиж байгаа ч ложистикийн асуудал шийдвэрлэгдээгүй. Үүнийг зөв шийдээд явбал илүү хөгжих боломжтой” гэлээ.
БШУЯ-ны Боловсролын чанарын үнэлгээний хэлтсийн дарга Г.Мөнхбилэг “Бүс бүрд мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага бий. Хангайн бүс гэхэд зургаан мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагатай. Тиймээс урд хойд бүстэйгээ уялдаагаа илүү бэхжүүлж, боловсролын байгууллагаар хангах нь зөв” гэлээ.