2023 онд Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ 2022 оныхоос хоёр дахин нэмэгджээ. Ингэснээр жилийн нийлүүлэлтийн хэмжээ 66 сая тонн давж, түүхэн дээд түвшинд хүрсэн гэдгийг SXcoal мэдээллээ. Өнгөрсөн онд Гашуунсухайт-Ганцмод боомтоор 273 мянга орчим автомашин нэвтэрсэн нь 2022 оныхоос 99 хувиар нэмэгджээ. Нийт ачаа тээврийн 36.51 сая тонныг нь БНХАУ Ганцмод боомтоор импортолсон. Харин Монголын Шивээхүрэн боомттой холбогддог БНХАУ-ын Сэхэ боомтын хувьд нэвтрүүлсэн нүүрсний хэмжээ дээд түвшинд хүрч, 19 сая тонн давж, 2018 оны дээд үзүүлэлтээс 35 хувиар өсжээ.
Харин Ханги-Мандал боомтын хувьд импорт экспортын нийт ачаа тээвэрлэлт 5.3 сая тонн буюу өмнөх оноос 80 хувиар нэмэгдлээ. Төмөр замын экспортоор Эрээн хот руу 50 мянга 200 вагоноор 1007 багц нүүрс гаргасан нь өмнөх оны мөн үеэс 37 хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрсэн байна. БНХАУ-ын нүүрсний тариф эргэн сэргэснээр тонн тутамд 34-50 юаниар нэмэгдэж байгаа ч Монголын нүүрсний экспорт тогтвортой байж, Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэгдүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд өдөрт дунджаар 1057 автомашин нүүрс тээвэрлэжээ.