MICC-ийн судалгааны багийн залуус Монгол Улсын нийслэл хэрхэн хөгжиж байгааг, энэ нь тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-той хэрхэн уялдсаныг судалжээ. Тэд зүгээр нэг судалсангүй Узбекистан, БНХАУ, Киргиз, Япон, БНСУ, Казахстаны нийслэлийн өнөөгийн эдийн засаг, нийгмийн Улаанбаатар хотын хөгжилтэй харьцуулсан байна. Дэлхийн улс орнууд 2015 онд тогтвортой хөгжлийн 17 зорилтыг 2030 он гэхэд хэрэгжүүлэхээ НҮБ-ын индрээс амласан. Манай улс ч эл зорилгод нэгдсэн. Судалгааны дүнгээр Япон, БНСУ, БНХАУ, Узбекистан, Киргиз, Казахстаны дараа Монгол Улс бичигдэж, сүүл мушгижээ. Тодорхой хэлбэл, тогтвортой хөгжлийн индексээр судалгаанд хамруулсан долоон улсын нийслэлээс Улаанбаатар хот 55.5 оноогоор сүүлийн байранд оров. Уг нь тэд өөрийн улсын нийслэлээ Бишкек, Ташкентийн урд гишгэнэ хэмээх өөдрөг мөрөөдөлтэйгөөр судалгааны ажлаа эхлүүлжээ. Улмаар Хойд Америкийн орнуудын хотуудыг харьцуулж судалсан судалгааны багтай холбоо тогтоож, тэдний туршлагад үндэслэн уг судалгаа хийжээ.
Хотуудын индекс оноо нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний бодит хэмжээ буюу эдийн засгийн хөгжилтэй эерэг хамааралтай. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2020 оны байдлаар 20 мянган ам.доллароос бага Бишкек (10.3 мянга), Ташкент (14.7 мянга), Улаанбаатар (16.5 мянга) хот 55.5-66.2 оноо авч сүүлийн гурван байранд орсон. Харин 40 мянган ам.долларын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнтэй Астана (45.4 мянга), Бээжин (39.5 мянга) хот гурав, дөрөвдүгээр байранд орж, 50 мянгаас дээш ам.долларын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнтэй Токио (70.7 мянга), Сөүл (53.8 мянга) хот хамгийн өндөр оноо авчээ.
Таагүй мэдээлэл дуулгахад хотын удирдлага өндөр байшин барьсанаа үндсэндээ нийслэлийнхээ хөгжлийг тодорхойлж иржээ. Уг нь хуучны 40, 50 мянгатын төлөвлөлт хамгийн оновчтой байсан гэнэ. Тэндхийн төлөвлөлт ногоон байгууламж ихтэйн дээр, автомашины зам бага, хүүхэд тоглох, салхилах талбай элбэг, байшин хоорондын зай стандартад нийцсэн, өрөө тасалгаануудад нарны гэрэл чөлөөтэй тусдаг, байгалийн агаар сэлгэлт сайн, сургууль, цэцэрлэгийн хүртээмж оршин суугчдын тоонд уялсан байсныг судлаач Н.Энхзул тодотгосон. Одоо энэ бүхэн үгүй болсныг бид мэднэ. Узбекистан, БНХАУ, Киргиз, Япон, БНСУ, Казахстаны нийслэлд хорооллын дунд хүн амын нягтралтай уялдуулан сургууль, цэцэрлэгээ байгуулдаг гэнэ. Тэдгээр улсын хүүхэд багачууд сургуульдаа 10, цэцэрлэгтээ 5 минутад хүрдэг гэнэ. Харин ээж, аавууд ажилдаа ирж, очиход нь 15-20 минут л хангалттай.
Тогтвортой хөгжлийн зорилтын зарим үзүүлэлтээр манай нийслэл бусад улсын хаахна явааг сонирхуулъя.
Улаанбаатараас бусад хот тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-ын 6-д орсон баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар дунджаар хамгийн өндөр буюу 98.1 оноо авсан гэнэ. Монголын үнэлгээ 61.6 оноотой гарчээ. Мөн ТХЗ-12 буюу агаарын бохирдол жилийн дунджаараа Монгол хамгийн муу оноотой гарсан байна. Нэмээд ажилгүйдлийн төвшин Монголд хамгийн дээд үзүүлэлттэй гарсан нь оноог доош татжээ. Гэхдээ жендерийн эрх, тэгш байдлыг хангах буюу ТХЗ-5 дахь зорилтоороо Улаанбаатар илүү өндөр оноо авсан аж. Үүнд дээд боловсролын байгууллагад суралцах эмэгтэйчүүдийн хувь 57.3, хувийн салбарт удирдах албан тушаалтан, менежерийн эзлэх хувь 51.8-тай гарсан нь эерэг үзүүлэлтэд нөлөөлсөн байна. Гэвч төр засгийн байгууллагын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл бага, мөн эрэгтэй, эмэгтэй ажиллагсдын цалингийн зөрүү ихтэйг судлаачид дурдсан.
ТХ3 8 буюу Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байртай болгох зорилтоо Монгол Улс хангалтгүй биелүүлсэн оноог нийтэд нь доош татжээ. ТХ3-4 буюу чанартай боловсролыг дэмжих тал дээр Улаанбаатар дээрх долоон улсын хаахна явааг сонирхуулъя. Улаанбаатарын хүн амын бичиг үсгийн чадвар маш өндөр 99.5 хувьтай ч боловсон хүчин, санхүүгийн дэмжлэг хомсдолтойгоос үүдэн ерөнхий болон дээд боловсролын чанар хангалтгүй гэсэн үнэлгээтэй гарчээ. Жишээлбэл, Улаанбаатарын бага ангийн нэг багшид ногдох суралцагчийн тоо 34.6 байгаа нь Ташкентынхаас 1.6, харин бусад хотынхоос бараг 2.5 дахин их байна.
Товчхондоо, судалгааны үр дүнгээр манай улс 2030 гэхэд тогтвортой хөгжлийн 17 зорилтоо хүрч чадахгүй нь. MICC-ийн судалгааны баг уг судалгаагаа цахим орчинд байршуулснаас гадна сэтгүүл болгож хэвлүүлсэн байна. Улмаар олон нийтэд хүртээмжтэй байлгах үүднээс сэтгүүлээ үнэгүй тарааж эхэлжээ. Ташрамд дурдахад, MICC хөрөнгө оруулалт, брокер, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Дээрх судалгааг тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд жил гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн хэмээн MICC-ийн ТУЗ-ийн дарга Д.Ачит-Эрдэнэ дурдсан.