СЗХ, ХНХЯ хамтран 2022 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг технологид суурилсан зээлийн бүтээгдэхүүн гаргаж буй ББСБ-уудаар дамжуулж олгох төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Эл төсөл нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэн, бичил үйлдвэрлэл, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд ийм хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг хүүгүй, барьцаагүй, шимтгэлгүй олгох зорилготой бөгөөд харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн иргэд авах боломжтой аж. Ингэхдээ эхний ээлжид 400 мянган төгрөгийг нэг сар хүртэлх хугацаатай авч, хугацаандаа эргэн төлсөн тохиолдол бүрт зээлийн хэмжээг 200 мянгаар нэмэгдүүлж, улмаар нэг сая хүртэлх зээл авах юм байна. Төслийн эхний сонгон шалгаруулалтад дөрвөн ББСБ, нэг банк оролцсоноос хамгийн бага хүү санал болгосон нэг ББСБ шалгарч, тэрбум төгрөгийн санхүүжилт авч байжээ.
Уг төслийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор финтек зээлийн үйлчилгээ үзүүлж буй ББСБ-уудад төслийн зорилго, сонгон шалгаруулалтын талаар танилцуулах арга хэмжээг СЗХ-нд зохион байгуулав. Үүнд финтек зээлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 40 гаруй ББСБ-ын төлөөлөл оролцжээ. Дээрх төслийн хүрээнд өнгөрсөн онд Улаанбаатар, Дархан-Уул аймагт давхардсан тоогоор 3.1 тэрбумын зээлийг 6453 удаа олгож, үүнээс 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 5909 удаа эргэн төлсөн гэнэ. Өмнөх жилийн эцсийн байдлаар 1246 зээлдэгч 685.5 саяын зээлийн үлдэгдэлтэй байсныг СЗХ-ноос мэдээлэв.
Бэлтгэсэн Б.Сонор