Монгол Улс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоож, эдүгээ түүхт 60 жилийн ой тохиож байна. Тус хугацаанд хоёр улс эрдэс баялаг, дэд бүтэц, соёл, банк санхүү зэрэг олон салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж иржээ.
Монголоос тус улсад хийж буй экспортын дийлэнх хэсгийг сүлжмэл эдлэл, мал амьтны самнасан үс, хялгас эзэлж байгаа бол Их Британиас хийгдэж буй импортод төмөр замын бэхлэх, холбох зориулалттай металл хийц, эд анги, ликёр, виски, суудлын автомашин өндөр хувийг эзэлдэг байна. Их Британиас Монгол Улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын үлдэгдэл 2022 оны жилийн эцсийн байдлаар 1 тэрбум 54 сая ам.долларт хүрсэн бөгөөд хөрөнгө оруулалтын 50 гаруй хувь нь уул уурхай, олборлох салбарт ногддог.