Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны нэгдүгээр сарын 17-21-ий өдрүүдэд “2024 оны Хүнс, хөдөө аж ахуйн даян дэлхийн чуулга” уулзалтад оролцож байна. Тус уулзалтыг ХБНГУ-ын Берлин хотноо жил бүр зохион байгуулдаг юм. Айлчлалын эхний өдөр буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг Бүгд Найрамдах Аргентин Улс (БНАУ)-ын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, загас агнуурын сайд ноён Фернандо Вилелла тэргүүтэй төлөөлөгчдтэй хоёр талт уулзалт хийв.
Талууд Мал, амьтны эрүүл мэнд, мөшгих тогтолцоо, бүртгэлжүүлэлт, хамгаалалттай аж ахуй, эрүүл бүс, хүнсний үйлдвэрлэл болон инноваци, судалгааны хамтын ажиллагааг бий болгох чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар болжээ. Мөн төлөөлөгчид ХБНГУ-ын Холбооны хүнс, хөдөө аж ахуйн сайд ноён Жем Оздемир, Холбооны парламентаас томилогдсон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Силвиа Бендертэй уулзалт зохион байгуулав.
Хоёр улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2024 оны тавдугаар сард Төрийн нарийн бичгийн дарга Силвиа Бендер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна.