ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж (ХААБ) хамтран мал, махны төвлөрсөн арилжааг эхлүүлэв. Эхний удаагийн арилжаанд Архангай, Өвөрхангай, Төв аймгийн малчид оролцож, 350 толгой хонь, 52 тонн хонь, ямааны махыг 238.7 сая төгрөгөөр арилжжээ. Тус бирж нь мал, махны арилжааны системийг хөгжүүлж худалдагч, худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар систем бий болгосон гэж салбарын яамнаас мэдээллээ. Мал, махыг биржээр арилжих нь дундын зуучлалгүйгээр малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх ач холбогдолтой аж. Мөн малчдад нөөцөлсөн махаа хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан муутгахаас сэргийлэх, тээврийн зардал төлөхгүйгээр орон нутгаасаа худалдах боломж олгоно гэв.
Бэлтгэсэн: Б.Сонор