“Монголын хөрөнгийн бирж” ХК үүсэж, хөгжсөний 33 жилийн ой өчигдөр тохиов.
Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлснээр эл биржийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд буюу 11.6 их наяд төгрөг, ДНБ-ий 21.6 хувьд хүрээд буй аж. Өнгөрсөн онд компаниуд нийтэд санал болгон анх удаа хувьцаа (IPO) болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, бонд гаргах замаар 1.45 орчим их наяд төгрөг татан төвлөрүүлжээ. Банкны салбарын реформын хүрээнд банкууд хувьцаагаа олон нийтэд арилжсанаар зах зээлийн үнэлгээ нь5.86 их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэнэ. Өдгөө хөрөнгийн зах зээлд 80 гаруй нэр, төрлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан борлуулдаг болсон бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд 299 удаагийн арилжаагаар 15.61 сая тонн түүхий эдийг 7.54 их наяд төгрөгөөр зарсан байна.
Тэгвэл энэ оноос хэрэгжүүлж эхлэх онцлох ажлын нэг нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт буюу хөрөнгө оруулалтын сангийн орлогыг татвараас чөлөөлөх, нээлттэй компаниудын ногдол ашгийн татварыг бууруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын албан татвар ногдох орлогыг дотоодын хөрөнгө оруулагчтай ижил тэнцүү, ялгаваргүй байдлаар тооцох болсон явдал гэдгийг дурдав.
Хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд гаргах, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын зах зээлтэй холбох зорилгоор энэ онд ч бүс нутгийн санхүүгийн төв болсон томоохон улс орнуудад өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж буй юм байна. Мөн хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагаагаа тэлэх, дэвшилт технологид суурилсан, ногоон санхүүжилтийг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, төрлийг баяжуулах, үнэт цаасны зах зээлийн хууль, эрх зүйн орчныг шинэчлэхэд анхаарах аж. Тухайлбал, Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буйг дээрх хорооноос мэдээлэв.
Бэлтгэсэн: Ц.Ундрал