Дэлхийн нийт бүтээгдэхүүний найман хувь нь органик гэсэн судалгаа байдаг аж. Тогтвортой хөгжлийн зорилтын дагуу 2030 он гэхэд үүнийг 15 хувьд хүргэхээр төлөвлөж буй. Тэгвэл манайд органик бүтээгдэхүүн байхгүйтэй адил гэдгийг УИХ-ын гишүүн, Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг парламентын хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр онцлов. Гэхдээ “Алсын хараа-2050”-д үүнийг таван хувьд хүргэх зорилт тавьсан байна. 2016 оны Органик хүнсний тухай хуулийг УИХ өнгөрсөн намрын чуулганаар шинэчлэн баталсан талаар тэрбээр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооныхон мэдээлэл хийх үеэр дурдсан нь энэ.
Түүний хэлснээр манай улсад одоогоор органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 14 жижиг аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа гэнэ. Уг хуульд тодорхойлсноор орц, найрлагынх нь 95-аас дээш хувь нь химийн нэмэлт бодис, бордоогүй, цэврээрээ байгаа тохиолдолд органик бүтээгдэхүүн гэж үзэх аж. Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг эхний таван жилд 100, дараагийн гурван жилд 50 хувиар хөнгөлөх юм байна. Мөн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол зээлийн хүүгийн таван хувийг Зээлийн батлан даалтын сангаас хариуцах гэх мэтээр төрөөс дэмжих нь.
Энэ өдөр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооныхон бас хийсэн ажлаа тайлагнав. Тухайлбал, Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ “Манайд ийм бирж бүрэн утгаараа ажиллаж чадахгүй байгаа. Малчдаас түүхий эдийг нь ченжүүд л цуглуулдаг. Энэ хуулийг баталснаар бүх сумд биржийн салбар ажиллах нөхцөл бүрдэнэ. Тухайн орон нутагт ажиллах брокер нь түүхий эдийн үнийн талаарх бодитой, сүүлийн үеийн мэдээллээр малчдыг ил тод хангах үүрэг хүлээх юм” гэсэн бол тус байнгын хорооны дарга Г.Ганболд “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөвт өртөг нэмэгдэж магадгүй. Энэ төрлийн үйлдвэрийг барихад заавал патенттай технологи ашигладаг учраас зөвхөн түүнийг эзэмшдэг компаниудын дунд тендер зарласан. Цар тахлын үед тендер зарлахад тээвэр, ложистикийн гэх мэт хүндрэлтэй асуудлуудын улмаас төсөвт өртөг бага зэрэг нэмэгдсэн. Гэхдээ үүнтэй холбоотой шийдвэрийг УИХ гаргана” хэмээв.