“Маргаашийг өөрчлөх тэмүүлэл” үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нээлтээ хийлээ. Энэ сарын 26 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнг “Ногоон морь” нийгэмлэгийн 35 жилийн ойд зориулан гаргаж буй.
Ардчиллын төлөөх улс төрийн өөрчлөлт өрнөж байх үед урлагаар дамжуулж, Монголчуудын сэтгэлгээг задлах, сэрээх зорилгоор залуус нэгдэж 1990 онд “Ногоон морь” нийгэмлэгийг байгуулжээ. Тодруулбал, Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-очир, Б.Гансүх, С.Машбат тэргүүтэй уран бүтээлчид Монголд авангард, контемпорари урлагийн суурийг тавьж, 35 жилийн турш өөрсдийн мэдрэмж, сэтгэхүйгээр шинэлэг бүтээлүүд туурвиж ирсэн аж.
Ерөнхий куратор Ц.Уранчимэг “Энэхүү үзэсгэлэнд 1989-1990 онуудад хийгдсэн түүхэн бүтээлүүд болон 1992 онд “Ногоон морь” сургуульд суралцаж байсан уран бүтээлчдийн бүтээлүүд тавигдсан. 35 жилийн тэртээх зорилготой уялдан өнөөдөр ч гэсэн энэхүү бүтээлүүд Монголын маргаашийг өөрчлөх бо лтугай хэмээн ерөөе” гэв.
Бэлтгэсэн: Н.Хариунаа