Салбарын сайдын тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас энэ онд хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэлийг баталсныг Жижиг, дунд үйлдвэрийн газраас мэдээлэв. Ингэхдээ ийм зээл олгох нэн шаардлагатай салбар, чиглэлийн саналыг 21 аймгийн Засаг даргаас авч, ХХААХҮЯ, ЖДҮГ-ын удирдлагын саналыг мөн нэгтгэсний үндсэн дээр шийдвэрлэжээ. Улмаар хүнсний үйлдвэрүүдэд (cүү, сүүн, мах, дайвар, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ боловсруулах, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүнсний зориулалтын сав, баглаа боодлын, цэвэр усны, хүүхдийн хоол, тэжээлийн үйлдвэрлэл) олгохоор болсон байна. Мөн газар тариалангийн чиглэлээр (хүлэмжийн аж ахуй, хүнсний зоорь, агуулах, малын тэжээл, бордоо, төмс, хүнсний ногоо, үр үйлдвэрлэл, агро ойн аж ахуй) үйл ажиллагаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох аж.
Бас мал аж ахуйн чиглэлээр (эрчимжсэн мал аж ахуй, мал үржүүлэг, мал эмнэлгийн үйлчилгээ, малын ялган тэмдэглэх хэрэгсэл үйлдвэрлэл) үйл ажиллагаа явуулдаг бол дээрх зээлээс авч болох гэнэ. Үүнээс гадна хөнгөн үйлдвэрийнхэн (оёмол, сүлжмэл, мод, модон, арьс, ширэн, гоо сайхны бүтээгдэхүүн, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл) хамрагдаж болох нь. Түүнчлэн үйлчилгээний чиглэлээр (ахуйн үйлчилгээний төв) ажилладаг бол хөнгөлөлттэй зээл авах боломжтой аж. Үүнд хамрагдахыг хүсвэл төслийн материалыг энэ сарын 24-нөөс 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авахаар төлөвлөж буй гэнэ.
Ташрамд дурдахад, 2020 онд баталсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлгийг маргааш 10.00-13.00 цагт “Blue sky” зочид буудалд зохион байгуулах аж.
Бэлтгэсэн: Ц.Ундрал