“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг боллоо. Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, иргэдэд олгосон хувьцааг тус компанийн энгийн хувьцаанд бүртгэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцаанд ногдох ашгаас компанийн өр төлбөрийг барагдуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогт “Компани жилдээ 1.0 их наяд орчим төгрөгийн өр барагдуулж байна. Өнөөдрийн байдлаар 4.0 их наяд төгрөгийн өр төлбөртэй. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд авлага боловч бусад төрийн өмчит компаниудад өр төлбөр болсон 4.9 их наяд төгрөгийн асуудал байна” гэлээ. Мөн энэ үеэр нүүрсний сонсголын талаар гишүүд тодруулахад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат дараахь мэдээллийг өгөв. Тэрбээр “Нүүрсний сонсголын үеэр 5.2 сая тонн нүүрс дутсан гэх мэдээлэл гарсан, харин дараа нь тулгалт хийж үзэхэд зөрүү гараагүй байж болзошгүй байгаа тул нягталж байна” гэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК цаашид тогтвортой, үр ашигтай ажиллахын тулд эхний ээлжинд захиргаадалтаар бий болсон өр, төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурийг зарим гишүүд илэрхийллээ. Ингээд зарчмын зөрүүтэй саналуудын олонхыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжсэн тул ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.