Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 24.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.8 (31.3%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 23.2 их наяд төгрөгт хүрч 6.1(35.6%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2023 онд 22.5 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 763.4 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Татварын нийт орлого 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 21.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 6.0 (38.8%) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 2.0 (51.6%) их наяд төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.8 (2.0 дахин) их наяд төгрөг, нийгмийн даатгалын орлого 904.6 (29.8%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 827.2 (21.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 57.8 (6.8%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Татварын нийт орлогод 2023 онд орлогын албан татвар 27.0 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 22.3 хувь, бусад татвар, төлбөр, хураамжийн орлого 21.8 хувь, нийгмийн даатгалын орлого 18.4 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 6.8 хувь, онцгой албан татварын орлого 3.7 хувийг тус тус бүрдүүлж байна. Орлогын албан татварын 69.0 хувийг ААНОАТ, 31.0 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлжээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны 12 дугаар сард 2.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 108.1 (3.8%) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.5 их наяд төгрөг болж, 192.1 (7.1%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.