Улсын хэмжээнд өнгөрсөн онд бүх төрлийн тээврээр 102.3 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх жилийнхээсээ 41.5 сая тонн буюу 68.2 хувиар өссөн үзүүлэлт болсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Үүнд ачаа тээврээр тээсэн бараа, бүтээгдэхүүн 36.9 (2.1 дахин), төмөр замаар тээвэрлэсэн нь 4.6 (16.7 хувь) сая тонноор нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Бүх төрлийн тээврээр 2023 онд 147 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь 705.6 мянгаар (0.5 хувь) илүү гэсэн үг. Агаарын тээврээр зорчигчид өмнөх оныхоосоо 87.7 хувиар өссөн нь үүнд нөлөөлснийг дурдлаа. Мөн бүх төрлийн тээврийн орлого өнгөрсөн жил 6.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоосоо 2.3 их наядаар (52.1 хувь) өссөн аж. Авто замын тээврийн орлого 1.5 их наяд (47.3 хувь), агаарын тээврийнх 428.9 (83.6), төмөр замынх 376.7 (50.3) тэрбумаар нэмэгдсэн нь үүнд нөлөөлсөн байна.