Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд АНУ-ын “Progress rail a caterpillar” компаниас SD70Ace/LW-401 серийн өндөр хүчин чадал бүхий 16 зүтгүүрийг манайд анх удаа нийлүүлэхээр болсон. Одоогоор эхний хоёр зүтгүүрийг Номхон далайгаар тээвэрлэж буй бөгөөд ирэх сард БНХАУ-ын Тяньжины боомтоос Замын-Үүдээр дамжин, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой өртөөнд авчрахаар төлөвлөж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ. Тэгвэл 5000 тонн жинтэй галт тэргийг татах 4500 морины хүчтэй, ашиглалтын үеийн зардал, засвар, үйлчилгээ багатай, өндөр найдвартай бүтээцээр оновчтой шийдсэн хоёрдугаар ээлжийн дөрвөн зүтгүүрийг усан онгоцоор Атлантын далайн нэгэн боомтод тээвэрлэн хүргэжээ. Эдгээрийг ирэх гуравдугаар сарын эцсээр Монгол Улсын хилээр хүлээн авах аж.