“Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулаад нэг жил өнгөрчээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг баталж, нүүрсний арилжааг Монголын хөрөнгийн биржээр явуулах шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу Монголын Хөрөнгийн Бирж 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр анхны цахим арилжааг зохион байгуулсан юм. Дээрх хугацаанд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 15.1 сая тонн нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжжээ.
Дуудлага арилжааны ханш дунджаар 10.7 хувиар өсөж, худалдагч компаниуд ханшийн зөрүүнээс нийт 529.7 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олоод байна.Анх арилжаа эхлэх үед 45 харилцагч буюу худалдан авагч системд бүртгүүлж байсан бол өнөөдөр нийт 244 худалдан авагч компани бүртгүүлж, гэрээ байгуулсан. УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталснаар, 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж, "Монголын хөрөнгийн бирж" ХК Санхүүгийн зохицуулах хорооноос уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авснаар Монголын хөрөнгийн бирж Уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжлөө.
Улмаар Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх, дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхэд хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулах үүднээс 2023 оны тавдугаар сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар экспортод гаргах нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн 2023 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцохдоо Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнийн мэдээллийг үндэслэл болгохоор Засгийн газраас шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниуд Монголын хөрөнгийн биржээр арилжигдсан нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний АМНАТ-ийг биржийн арилжааны үнэ ханшийн мэдээлэлд тулгуурлан төлөх нөхцөл бүрдсэн.