Британийн төрийн өмчит, геологи, геофизикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “International geoscience services” (IGS) компанийн төлөөлөл манайд ирж, УУХҮЯ-нд ажиллаж байгаа гэнэ. Улсын төсвийн хөрөнгөөр энэ онд шинээр хэрэгжүүлэх, агаарын геофизикийн судалгааны ажлын тендерийг олон улсад нээлттэй зарлахаар төлөвлөж, бэлтгэл хангаж буй аж. Уг тендерийн баримт бичгийг боловсруулахад IGS компани Монгол Улс дахь ИБУИНХУ-ын ЭСЯ-ны дэмжлэгээр үнэ төлбөргүйгээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ. Тус компани нь геологийн судалгааны чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг, арвин туршлагатай бөгөөд УУХҮЯ-тай хамтран дээрх тендерийн баримт бичгийн төслийг энэ сарын 22 гэхэд бэлтгэж дуусгахаар төлөвлөжээ. Үүнээс гадна тендер шалгаруулалтад туслах, цаашид хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар талууд ярилцаж буй юм байна. Уг ажлын үр дүнд Оюутолгой, Тавантолгойтой дүйх ордууд олдоно гэсэн хүлээлттэй байгааг салбарын яамнаас мэдээллээ.