Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй Америкийн Нэгдсэн Улсын “Progress Rail A Ceterpillar” компанийн гол замын SD70Ace/LW-401 серийн өндөр хүчин чадал бүхий 16 зүтгүүр Монгол Улсад анх удаа нийлүүлэгдэх юм.
Эхний хоёр зүтгүүр өнөөдрийн байдлаар Номхон далайд тээвэрлэгдэж байгаа бөгөөд 2 дугаар сард БНХАУ-ын Тяньжин боомтоос Замын-Үүдээр дамжин, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой өртөөнд ирэхээр төлөвлөгдөж байна.
5000 тонн жинтэй галт тэргийг татах 4500 морины хүч буюу 3355 кВт чадалтай, ашиглалтын үеийн зардал, засвар үйлчилгээ багатай, өндөр найдвартай бүтээцээр оновчтой шийдсэн хоёр дугаар ээлжийн 4 зүтгүүр усан онгоцонд АНУ-ын Зүүн эрэг Атлантын далайн Morehead боомтод ачигдан тээвэрлэгдлээ.
Эдгээр зүтгүүрүүдийг 2024 оны гуравдугаар сарын сүүлээр Монгол Улсын хилээр хүлээн авна.
Ийнхүү Монгол Улсад дутагдаж буй зүтгүүрийн парк өргөжиж, тээвэрлэлтийн хүчин чадал нэмэгдэх боломж бүрдсээр байна.